Complaint
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ТАҮЖСХ) тэмцэх асуудлаар санал солилцох уулзалт зохион байгууллаа

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ТАҮЖСХ) тэмцэх асуудлаар санал солилцох уулзалт зохион байгууллаа

2026.03.03 48
Listen

НҮБ-ын Хүн амын сангийн санаачилгаар Монгол Улсад Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ТАҮЖСХ) тэмцэх чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.  

Тус уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний статистикийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Санал солилцох уулзалтад ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул оролцож, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын 2025 оны 77 дугаар тогтоолд туссан цахим орчинд үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгааг холбогдох байгууллагуудад сануулж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Мөн Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийн хэдэн хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа талаар албан ёсны статистик, тоо баримт одоог хүртэл гарахгүй байгааг дурдаад  өгөгдөл, тоон мэдээллийг сайжруулах болон хууль, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг  хөндөв.  

Оролцогчид дээрх асуудлыг шийдвэрлэхэд нэн түрүүнд тулгараад байгаа эрх зүйн орчин болоод тоо мэдээлэл цуглуулах механизмийг сайжруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, салбар дундын уялдаа хангах, хамтарч ажиллах талаар ярилцав. 

Уулзалтын төгсгөлд ХЗДХЯ-аас УИХ-ын 77 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулахад хамтарч ажиллахаа илэрхийллээ.