Гомдол
ХЭҮК хөдөлмөрийн улсын ахлах байцаагч, байцаагч нарт хүний эрхийн сургалт зохион байгуулав

ХЭҮК хөдөлмөрийн улсын ахлах байцаагч, байцаагч нарт хүний эрхийн сургалт зохион байгуулав

2025.11.19 69
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, байцаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг дээшлүүлэх сургалтыг өнөөдөр /2025.11.19/ зохион байгууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж, Комисст 2023–2025 онд ирсэн нийт гомдол, мэдээллийн 70 гаруй хувь буюу 692 нь хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой бөгөөд үүнээс ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой 443 гомдлыг шалган шийдвэрлэсэн талаар онцлов. Тэрээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд эрх, үүрэг хариуцлагаа мэдэж хэрэгжүүлэх нь хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хүний эрхийн сургалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатайг хэллээ.

ГБХЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Хөдөлмөрийн улсын байцаагч нар 2024 онд 3471 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийхэд 31 мянга гаруй зөрчил илэрсэн бөгөөд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 17 хувиар зөрчил өссөн” болохыг тэмдэглэв. Тэрээр эдийн засгийн нөхцөл байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх ажил олгогч, ажилтны мэдлэг нэмэгдсэн, байгууллагын дотоод журмын боловсруулалт болон хэрэгжилт сул байгаа нь хөдөлмөрийн харилцаад гарч буй зөрчлийн өсөлтөд нөлөөлж буйг хэлээд ХЭҮК хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлд анхаарч байгаад талархал илэрхийллээ.

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа “Өнөөдрийн сургалтаар ажлын байрны дарамт, хүчирхийлэл зэрэг хөдөлмөрийн харилцаанд түгээмэл илэрдэг зөрчлүүдийн талаарх ойлголтоо нэгтгэх, шинэ мэдлэг олж авах боломж бүрдэж байна” хэмээн онцлов.

Сургалтад нийслэл болон 21 аймгийн хөдөлмөрийн улсын ахлах байцаагч, байцаагч нийт 71 хүн хамрагдав. ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, референт О.Тодбулаг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг нар хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, хүний эрхийн олон улсын гэрээ конвенцыг хэрэглэх нь, ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гомдол шийдвэрлэхэд анхаарах асуудал зэрэг агуулгаар сургалт зохион байгуулж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.