Гомдол
“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025.11.11 99
Сонсох

Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийн гарцыг тодорхойлох зорилгоор “Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр (2025.11.11) зохион байгуулагдлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хэлэлцүүлгийг нээж: “Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг хангах асуудал нь ХЭҮК-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд багтдаг. Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч байгаа ч хүчирхийлэл, гэмт хэргийн тохиолдол гарсаар байна. Иймд бид шалтгаан нөхцөлийг судалж, шинжлэх ухаанд суурилсан бодит шийдэл гаргах, хүүхдийг бие даасан хувь хүн гэж үзэх хандлага нийгэмд төлөвших ёстой” хэмээн онцлов.

Мөн тэрбээр хүүхэд хамгааллын бүтэц, сэтгэлзүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн бодлогоор дэмжих шаардлагатайг дурдаад, хорих ангид байгаа хүүхдийг ‘хоригдол’ бус ‘хүмүүжигч’ гэж нэрлэхийг уриалж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид тусгахыг хүслээ.

Хэлэлцүүлгийн панелистаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир оролцож, тус хэлтсийн референт Б.Янжмаа шилдэг арван илтгэлийн нэгээр шалгарсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хөгжлийн бэрхшээлтэй хохирогч хүүхдийн эрхийн асуудал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Тус арга хэмжээнээс төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хууль сахиулах байгууллагын алба хаагчид, судлаач, мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлын талаарх саналын нэгтгэн зөвлөмж гаргах бөгөөд энэ нь хүүхэд хамгааллын ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.