Гомдол
И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилтын хүний эрхийн үнэлгээ хийж байна

И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилтын хүний эрхийн үнэлгээ хийж байна

2025.11.07 292
Сонсох

“Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд ХЭҮК И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилтын эрх зүйн зохицуулалт, технологийн нөхцөлийн хүний эрхийн үнэлгээ явуулж байна. Уг судалгааны ажлын олон улсын зөвлөх Австрали Улсын Маккуари их сургуулийн ахлах багш, доктор Кристоф Сперфилдт (Dr Christoph Sperfeldt) 2025 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдөр Улаанбаатар хотноо ажиллаж, судалгааны үр дүн, зөвлөмжид өгөх дүгнэлтээ боловсрууллаа. Энэ хүрээнд доктор Сперфилдт судалгааг гүйцэтгэгч ПрайсуотэрхаусКүүпэрс (PwC) олон улсын зөвлөх үйлчилгээний компанийн хуулийн болон технологийн баг, И-Монгол Академи УТҮГ, салбарын экспертүүдтэй ажиллав.

И-Монгол системийн хүний эрхийн дээрх үндсэн үнэлгээний зэрэгцээ уг системийн хүртээмж, хэрэглээ, хэрэглэгчдийн туршлагыг судлах социологийн судалгааг ХЭҮК-оос олон улсын зөвлөх үйлчилгээний Далберг компани, Хараат бус судалгааны хүрээлэнтэй хамтран явуулсан болно. Улаанбаатар хот, дөрвөн аймгийг хамруулан сонгож авсан 5000 хэрэглэгчийн туршлагад үндэслэсэн уг судалгаа И-Монгол системийн хүртээмж, эерэг үр дүн харьцангуй сайн (96 хувь нь Е-Монголиа систем давуу байдлыг бий болгосон гэж үзсэн, 48 хувь нь төрийн байгууллагад биечлэн очих шаардлагагүй болсон, цаас болон цаг хэмнэсэн ач холбогдолтой) боловч хэрэглэгчийн хувийн мэдээллээ хамгаалах ойлголт, хандлага хангалтгүйг илтгэлээ.

И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилтын хүний эрхийн үнэлгээг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах юм. “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын суурь асуудал болох энэхүү үнэлгээг Австралийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй явуулж байна.