Гомдол
Сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

2025.11.04 164
Сонсох

Хүний эрхийн олон улсын  өдрийг угтан Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүлзүйн сайн бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ зарлаж, сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд зориулсан чиглүүлэх сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 

Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нээж, Комисс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тогтмол анхаардаг. Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийн 6 удаагийн илтгэлд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгасан. Илтгэлийн мөрөөр УИХ-ын тогтоол батлагдан Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана. Уралдаанд оролцогчид та бүхэн Комиссоос шаардлагатай судалгаа, дүн шинжилгээний талаарх тайлан, тоо баримт, статистик, эх сурвалжийн талаар мэдээлэл авах боломжтойг танилцуулав. 

Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа сургалтыг хааж, уралдаанд оролцогч сэтгүүлчид эх сурвалжтай газар дээр нь уулзаж ярилцах, мэдээлэл авахад бид дэмжлэг үзүүлнэ гэдгийг дурдлаа. 

Сургалтад “Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт”, “Монгол Улс дахь шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцов. 

Тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” 11 дэх зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, төлөөллийн оролцоотой шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэхэд оршино. 

Бүтээлийг агуулгын шинэлэг байдал, хөндсөн асуудлын ач холбогдол, уралдааны зорилгод нийцсэн эсэх, мэргэжлийн ёс зүй, илэрхийлэл, хүрсэн цар хүрээ, нөлөөллөөр нь үнэлнэ. Сэтгүүлчид асуудал дэвшүүлсэн, бодит кейс хөндсөн, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээл туурвих нь чухал бөгөөд хэлбэр, тооны хувьд ямар нэгэн хязгаар тогтоогоогүй. 

Сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл та бүхний сэтгүүлзүйн сайн бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна. 

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:  https://www.facebook.com/share/p/1Bd5mV2Rwg/