Гомдол
Иргэний зөвлөлийг чадавхжуулах нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хангахад чухал нөлөөтэй

Иргэний зөвлөлийг чадавхжуулах нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хангахад чухал нөлөөтэй

2025.10.27 91
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж буй байдал, иргэний хяналтыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт шинжилгээ хийж ажилладаг. Энэ хүрээнд “Иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний зөвлөлтэй хамтран /2025.10.17/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоод хэргийн их сургууль, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид танхимаар оролцож, аймгуудын Иргэний зөвлөлийн гишүүд, ИТХ-ын Ажлын алба, цагдаагийн газрын албан тушаалтнууд, Комиссын орон нутаг хариуцсан референтүүд цахимаар оролцов.

Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Цагдаагийн албаны тухай хуулийн 7 дугаар бүлэгт, Иргэний зөвлөл нь аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд хараат бусаар ажиилах 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл гэж тодорхойлсон.

Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, “Цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналт-үзэл баримтлал, эрх зүйн үндэс” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр ардчилсан нийгэмд цагдаа иргэдийн итгэлийг хүлээж олон нийтийн дэмжлэгийг авч ажиллахад голчон анхаардаг бөгөөд цагдаагийн алба хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хязгаарлах эрх хэмжээг хуулиар олгодсон байдаг. Энэ утгаараа цагдаагийн байгууллага үйл ажиллагаанд иргэдийн тавих хяналт маш чухал. Цагдаад тавих төрийн хяналт олон ч төрөөс хамааралгүйгээр иргэд хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс иргэний зөвлөл ажилладаг. Цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийтэд түшиглэсэн бодлого ач холбогдолтой тухай тэрбээр онцоллоо.

Мөн судлаач Б.Хишигсайхан “Иргэний зөвлөлийг бэхжүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сургамж”, ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Л.Мандах “Иргэний зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн. Нийтлэг байдлаар 2013 оны үед яригдаж байсан Иргэний зөвлөлийн өмнө тулгамдаж байсан асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй, зарим талаараа ухралт болсон зүйл байгааг онцолоод, иргэний зөвлөлийн үйл ажиллагаа хуульд заасан чиг үүргийн хүрээнд, олон улсын чиг хандлагын дагуу ажиллуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэлээ. Үүний дараа Нийслэлийн Иргэний зөвлөлийн дарга Т.Мөнхнасан “Нийслэлийн Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн, туршлага ба сургамж” сэдвээр мэдээлэл танилцуулав.

Түүнчлэн оролцогчид өөрийн аймагт үйл ажиллагаа явуулж буй Иргэний зөвлөлийн сайн туршлага болон анхаарах асуудал, санал зөвлөмжийг сонсож асуулт хариулт өрнүүллээ. Тэд Иргэний зөвлөлийн талаар олон нийт мэдээлэл хангалтгүй, төсөв санхүүгийн хүрэлцээ, хараат бусаар ажиллах боломж нөхцөл, Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт гэх мэтээр эргэж харж анхаарах, хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар байр сууриа нэгтгэсэн юм.

Мөн Иргэний зөвлөлийг чадавхжуулах нь цагдаагийн байгууллагын хүний эрхэд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэдэгт санал нэгдэж, Иргэний зөвлөлийн чадавхыг дээшлүүлэхэд Комисс бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.Ташрамд дурдахад, Комисс өнгрөгч зургаадугаар сард хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа сэдэвт судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулаад байгаа юм.