Цагдаа, дотоодын цэргийн байгууллага “Хамтдаа хөгжье” зорилт дэвшүүлж, энэ хүрээнд “Хүний эрхийг хүндэтгэе, хангая, хамгаалъя” аян эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр /2025.10.23/ болж цагдаа, дотоодын цэргийн 550 орчим алба хаагчид оролцов.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид албан үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийг хангах болон тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчийн эрх, үүргийн онцлогийг тодорхойлсон “Хүний эрх ба цагдаа, дотоодын цэргийн алба” сэдэвт илтгэлийг энэ үеэр танилцууллаа. Тэрээр илтгэлдээ, төр хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэгтэй. Гэвч хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, давхардал, байгууллага хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалт болон төрийн албан хаагчийн мэдлэг, хандлага, ур чадвараас шалтгаалж хүний эрх зөрчигддөг. Тиймээс төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг алба хаагчид хүний эрхийн стандартыг мөрдөж ажиллахын чухлыг онцолсон юм.

ХЭҮК-ын шийдвэрлэсэн нийт гомдлын 15 орчим хувь нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ирдэг. Хүний эрхийг хязгаарлахдаа олон улсын пактын зарчим, Үндсэн Хуулийн зарчмыг баримтлан таван шалгуурыг мөрдлөг болгох үүрэг хүлээдэг. Цагдаагийн байгууллагын хувьд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад зэрэг ялгаатай хэрэгцээтэй хүн амын бүлгүүдэд тохирсон байдлаар үйлчилгээ хүргэх шаардлагатай.
Цагдаа, цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ тусгасан бөгөөд цалин хөлс авах, нийгмийн баталгаагаар хангагдах, аюулгүй таатай ажлын нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах төсөв, цахилгаан, хувцас, тээвэр шатахуун зэрэг урсгал зардлыг ч байгууллагын үйл ажиллагаа, хэрэгцээнд суурилж бодитоор тооцоолж санхүүжүүлэх хэрэгцээ бий гэлээ.
