Гомдол
Нэг хүний ард 20-200 хүн эдгэрдэг учраас архины эмчилгээг ёс төдий хийж болохгүй

Нэг хүний ард 20-200 хүн эдгэрдэг учраас архины эмчилгээг ёс төдий хийж болохгүй

2025.10.21 87
Сонсох

Монгол эрчүүдийн дундаж наслалт богино, архи мансууруулах бодисын хэрэглээ, гэмт хэрэг зөрчилд холбогдох, хүчирхийлэл үйлдэх цаашлаад амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комисс үүний суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлж бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт судалгааны ажлыг эхэлсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд өнөөдөр /2025.10.21/ Аддиктологийн төвд ажиллалаа.

Аддиктологийн буюу донтох эмгэг судлалын төв нь нийслэл, 21 аймгийн архи, мансууруулах бодист донтсон иргэдийг эмчилдэг. Үйлчлүүлэгчдийн 90 орчим хувь нь эрчүүд. Тус төвийн дарга, анагаах ухааны докторант, клиникийн профессор Д.Ганбатын мэдээллэснээр, Монгол Улсын хэмжээнд архинд донтох эмгэгтэй 148 мянган хүн байгаагаас 48 мянга орчим нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Аливаа зүйлд донтох нь өвчин учраас заавал мэргэжлийн байгууллагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тус төв 80 ортой, гэвч эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс хамаарч сард ердөө 40 хүн л эмчилж байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн 40 ор нь сул үлддэг.

Олон улсын стандартаар архинд донтогсдод 1-3 сар эмчилгээ хийж, эмнэлгээс гарах үед нь ажилд зуучлах, сэтгэл заслын үйлчилгээнд тогтмол хамрагдах зэргээр цогц байдлаар удаан хугацааны үйлчилгээ үзүүлж зан үйлийг нь өөрчилдөг. Манай улс уялдаа холбоотой, цогц бодлогогүй, санхүүжилт муугаас шалтгаалж ердөө 7 хоног эмчилгээ хийгээд гаргаж байна. Үүнээс шалтгаалж нийт эмчлүүлэгчдийн 60 хувь нь дахин архи уудаг харамсалтай мэдээ байна. Гэтэл Аддиктологийн төвтэй хамтран ажилладаг, БНСУ-ын ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлгээр эмчлүүлэгчдийн 97 хувь нь эдгэрч ердөө 3 хувь нь “дахьдаг”. Архинд донтсон нэг хүнийг эмчлэхэд ард нь гэр бүл, найз нөхөд, хамт олны 20-200 хүн давхар эдгэрдэг учраас архины эмчилгээг ёс төдий хийх ажил биш гэдгийг тэд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний аяны хүрээнд Хан-Уул дүүрэгт ганцхан Сэтгэл заслын нөхөн сэргээх төв байгуулсан. Энэ төвийг аймаг, дүүрэг бүрт байгуулах шаардлагатай. Түүнчлэн архинд донтох нь сэтгэцийн эмгэг гэж тодорхойлдог учраас эмчлүүлэгчээс төлбөр авдаггүй. Тиймээс өртөг жин буюу нэг өвчтөнд олгох санхүүжилтын хэмжээг нэмэгдүүлэх, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд лонх архи бүрээс 300 төгрөг хуримтлуулдаг бөгөөд энэ сангийн удирдах зөвлөлд аддикологийн мэргэжлийн хүн нэмж оруулах шаардлага бий гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга О.Баатаржав тайлбарлав.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нийгмийг хамарч буй архидалт, мансуурал аливаа донтолттой тэмцэх төрийн бодлого чухал болохыг онцолж, эдгээр хүмүүсийг архичин хэмээн нийгмээрээ үзэн ядах биш өвчин гэж хүлээн авч, зан үйлээ засахад туслах, дэмжих, сэтгэл заслын нөхөн сэргээх төвүүдийг бий болгох ялангуяа урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа шаардлагатай. Энэхүү асуудалд анхаарснаар гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг нийгмийн олон асуудал шийдэгдэх суурь хүчин зүйл болно. Тиймээс ХЭҮК эрчүүдийн жендерийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж буйг хэлж, Аддиктологийн төвд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөх болсон энэ цагт Монгол Улс сэтгэцийн нарийн мэргэжлийн 28-хан эмчтэй, цаашид мэргэжилтэн бэлтгэж чадавхжуулах, одоо ажиллаж байгаа хүний нөөцийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх төрийн бодлого яаралтай хэрэгтэйг илэрхийлж сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж үгүйг нийт иргэдэд сануулсан юм.