Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт ажиллалаа

2025.10.07 58
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөр арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Ууганбаяр болон төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцов.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг онцлов. Тэрээр, ерөнхий боловсролын сургуулиудын барилгын төсөл 4 жилийн хугацаанд төсөвт тусгагдсанаас өртөг гурав дахин өсөж, барилгын ажил удааширсан. Үүнээс шалтгаалан нэг сургуульд хамрагдах хүүхдийн тоо гурав дахин нэмэгдэж, багшийн ажиллах нөхцөл, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг хэллээ.

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдын мэдээлснээр, гэмт хэрэг, зөрчил сүүлийн таван жилд 30 хувиар өссөн байна. Ялангуяа цахим орчны залилангийн гэмт хэрэг нэмэгдэж, бусдын нэр, банкны дансыг ашиглан таван мянгаас 120 сая төгрөгийн хохирол учруулах тохиолдол гарч байгаа бөгөөд илрүүлэлт хангалтгүй байгааг илэрхийлэв.

Мөн ажлын хэсэг Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Теле камерын хяналтын дэд төв, шүүх, хууль сахиулах болон холбогдох бусад төрийн байгууллагын хүний хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж буй талаарх үйл ажиллагаатай танилцаж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийв.