Гомдол
Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн сургалт тогтмолжиж байна

Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн сургалт тогтмолжиж байна

2025.10.06 105
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яам хамтран ажиллахаар байгуулсан Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилтыг тусгасан юм.

Энэ хүрээнд 2024 онд Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулах Зэвсэгт хүчний 45 алба хаагчийг "Хүний эрхийн сургагч багш"-аар бэлтгэсэн.

Тус сургагч багш нар цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагадаа хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийт 23 удаагийн арга хэмжээгээр 1000 гаруй алба хаагчийг сургалтад хамруулж, хүний эрхийн боловсрол олгосон байна. Мөн хүний эрхийн чиглэлээр тогтмол сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүний эрхийн сургагч багш нараар дамжуулан сургалт явуулснаар Зэвсэгт хүчний алба хаагчдын хүний эрхийн ойлголт, мэдлэг дээшилж, дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн нэмэгдэж, бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чухал алхам болсон байна.

Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн боловсролыг тогтвортой түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2025 онд дахин зэвсэгт хүчний 33 албан хаагчийг "Хүний эрхийн сургагч багш"-аар бэлтгэх сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 06-09-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран зохион байгуулж байна.