Гомдол
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа

2025.09.09 300
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийг есдүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгуулж байна.

Нээлттэй өдрийн хүрээнд “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэ нь хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сургалтад төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 120 орчим албан хаагч хамрагдав.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд сургалтыг нээж хэлсэн үгэндээ төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, ил тод, шударга, тэгш, чирэгдэлгүй хүргэхэд төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлага ихээхэн чухлыг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн нээлттэй өдрийг монгол орны томоохон сумдын нэг болох Тосонцэнгэл суманд зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой талаар дурдаж, сургалтад идэвхтэй хамрагдахыг уриалсан.

Сургалтын хөтөлбөрт “Хүний эрхэд суурилсан төрийн албаны үйл ажиллагаа”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн зохицуулалтыг тайлбарлан таниулах” зэрэг сургалт мэдээллүүд багтсан юм.

Түүнчлэн ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Ёндонжамц Комиссын чиг үүргийн хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон хүний эрхийн төлөв байдлын талаар танилцуулав.

Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Комисст ирсэн гомдол мэдээлэл, хяналт шалгалтын үндсэн дээр явуулсан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт зэргийг үндэслэн Завхан аймгийн хүний эрхийн анхаарал татсан, тулгамдсан асуудлын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ач холбогдолтой байлаа.