Гомдол
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг эхэллээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг эхэллээ

2025.09.09 85
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан суманд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2025 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажиллаж байна.

Комиссын гишүүн Б.Энхболд “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээний зорилго, ач холбогдлыг Завхан аймгийн болон Тосонцэнгэл сумын удирдлагуудад танилцуулж, сумын нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн мэдээллийг төрийн байгууллагуудын удирдлагуудтай харилцан солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь 7 багтай, 9715 хүн амтай, 2844 өрхтэй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 2 сургууль, 6 цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Тарвагатай нурууны тусгай хамгаалалтын захиргаа зэрэг 25 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн сум дундын Шүүх, Прокурурын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүх шинжилгээний хэсэг, Онцгой байдлын хэлтэс нь Асгат, Баянтэс, Тэс, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Их-Уул, Тэлмэн сумдын иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Ёндонцамц, Хүний эрхийн боловсролын хэлтсийн Ахлах референт Э.Мөнхзул, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Л.Мандах, Орон нутаг хариуцсан хэлтсийн референт Ч.Наранхүү, С.Мөнгөнзаяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Тэргэл нар болон Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Батдаваа, Тосонцэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Самдансүрэн, Засаг дарга Т.Бямбарагчаа, сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гүнчин-Иш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, хошууч М.Лхагвазагд, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Анхбаяр нарын сумын төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

”Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөгийг Тосонцэнгэл суманд 2025 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа тул сумын иргэд Та бүхний өргөнөөр оролцож санал хүсэлтээ илэрхийлэн, хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө авахыг урьж байна.

Харилцах утас: 94111199, 96463939