Гомдол
ХЭҮК-ын ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

ХЭҮК-ын ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

2025.09.08 52
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Архангай аймагт 2025.09.06-ны өдөр ажиллалаа. ​ Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр, Зэвсэгт хүчний 342 дугаар барилгын цэргийн ангийн орчин нөхцөлтэй танилцав.

Эрүүлжүүлэх, саатуулах байрны хувьд 2025 онд шинээр ашиглалтад орсон бөгөөд агааржуулалт, дулаан, гэрэлтүүлэг, талбай сайтай. Халуун ус, ариун цэврийн өрөө, саатуулагдсан этгээдийг хүлээн авах хэсэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, эмнэлгийн өрөөний нөхцөл байдал, эмчийн үзлэг, эм, багаж хэрэгслийн хангалт, стандартын шаардлага хангасан. Тусгай хэрэгсэл ашигласан, саатуулагдсан этгээдүүд, номын сан, сургалтын үйл ажиллагааны болон суллах, чөлөө олгох, хугацаа дууссан эмийн устгалын бүртгэлийг зохих түвшинд хөтөлсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хоригдож буй яллагдагч, шүүгдэгчийн санал хүсэлтийг сонсон, зөвлөгөө өглөө. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад хүний эрхийн дараах зөрчлүүд байна.

Үүнд, цагдан хоригдож буй этгээдийг удаан хугацаагаар хорих, шүүхийн шийдвэрийг гардуулах, хоригдлыг хуваарилах ажил удаашрах, баривчлах шийтгэлийг цагдан хорих байранд эдлүүлэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Агааржуулалтын систем шаардлага хангахгүйгээс бүгчим халуун, агаар сэлгэлтгүй, эргэлт уулзалтын зөвшөөрлийг тогтоосон хугацаанд шүүхээс олгодоггүй. Шүүх цагдан хорих хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгадаг зэрэг зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байна.

Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар барилгын цэргийн ангийн хувьд 2023 онд шинээр байгуулагдсан. Алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, халдашгүй чөлөөтэй байх, дүрмийн бус харилцаанаас ангид байна. Зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах, хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн хэрэгжилт зохих түвшинд байна гэж дүгнэлээ.

Хугацаат цэргийн алба хаагч нарыг англи хэлний анхан шатны мэдлэг олгох, монгол бичгийн гүнзгийрүүлсэн болон жолооны В, С, Д ангиллын сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байгаа нь цэрэг халагдахдаа англи хэлний анхан шатны мэдлэгтэй, монгол бичгээр бүрэн уншиж, бичих чадвар эзэмшиж, жолооны В, С, Д ангиллын үнэмлэх болгож байгаа цэргийн албанаас халагдаад ажил, хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь сайшаалтай байв.