ХЭҮК-оос “Хаан” банкны харилцагчдын хувийн мэдээлэл цахим сайтад байршсантай холбоотой хяналт шалгалт хийж тус банканд зөвлөмж хүргүүлсэн талаар болон 2025 оны 05.14-өөс 06 сарын 03-ны хооронд болсон жагсаал цуглааны ажиглалт, дүн шинжилгээний талаар өнөөдрийн хэвлэлийн хурлаар /2025.06.13/ танилцууллаа.
Хэвлэлийн хуралд, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Ө.Энхтөр, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн Кибер халдлагад хариу үзүүлэх газрын дарга Э.Амарсанаа нар оролцов.
Комиссын гишүүн Г.Нарантуяа дараах мэдээллийг өглөө.
“Хаан банкны 2.5 сая харилцагчийн мэдээллийг зарна” гэх гарчигтай, “Монгол Улсын томоохон банкны бүх хэрэглэгчийн мэдээлэл бүхий 350GB мэдээллийг үнэ хаялцуулан худалдана. 100 мянган хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг бүхий 933 мөр мэдээлэл байна” гээд зургаан харилцагчийн нэвтрэх нэр, нууц үгийг “zelenskyvlad” гэх нэр бүхий хэрэглэгч www.leakzone.net цахим сайтад 2025 оны 05 дугаар сарын 14-нд нийтлэгдсэн.
Энэ нь иргэний халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл тул нөхцөл байдлыг тогтоохоор Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн шинжээчийг оролцуулан ажлын хэсэг байгуулан 2025.05.16- 20-ны өдрүүдэд хяналт, шалгалт явууллаа.
Шалгалтын явцад “худалдан борлуулна” гэсэн мэдээллийн дийлэнх нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн бодит мэдээлэл байх бөгөөд давхардаагүй тоогоор нийт 258 хүний овог, нэр, регистрийн дугаар, 656 утасны дугаар, 187 гэрийн хаяг, 16 цахим шуудангийн хаяг, 368 дансны дугаар, 6 нэвтрэх нэр болон нууц үг байна.
Эдгээр мэдээллээр хэрэглэгчдийн хэн болох, хаана амьдарч байгааг таних боломжтойгоос гадна хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг шууд зөрчсөн гэж үзэж болохуйц нөхцөлийг бий болгожээ. Уг зар энэ өдрийг хүртэл https://leakzone.net/Thread-Khanbank-2-5-million-users-db-sell холбоост байршсаар байна.
Гэвч иргэдийн хувийн мэдээллийг олж авсан эх сурвалжийг шалгалтаар эцэслэн тогтоох боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн www.leakzone.net цахим хуудаст тавигдсан мэдээлэл нь банкны систем кибер халдлагад өртсөний улмаас алдагдсан мэдээлэл биш гэж дүгнэлээ.
Банкны харилцагчдын бодит мэдээлэл хууль бус арилжааны цахим хуудаст нийтлэгдсэн нь гэмт этгээд уг мэдээллийг хэрхэн олж авснаас үл хамаарч, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан зөрчил юм. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд дараах арга хэмжээ авахыг мэдээлэл хариуцагч “Хаан” банканд дараах зөвлөмжийг өглөө.
1. Хувийн мэдээлэл нь ил болсон хэрэглэгч бүрд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авахыг зөвлөх, мэдээлэл өгч хамтран ажиллах.
2. www.leakzone.net цахим хуудас болон бусад эх сурвалжаас танай банкны харилцагч, иргэдийн хувийн мэдээллийг устгуулах талаар эрх бүхий төрийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах. (Энэ хүрээнд Комиссоос цагдаагийн байгууллага, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв рүү тухайн хууль бус мэдээллийг устгуулах арга хэмжээ авхуулахаар хандсан болно)
3. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад илэрсэн зөрчлийн талаар мэдээллийн эзэнд мэдэгдэх үүргийг ёсчлон хэрэгжүүлэх, энэ талаарх бүртгэлийг хөтөлж, жил бүрийн 1 дүгээр сард багтаан Комисст ирүүлж байх.
4. Эрх бүхий төрийн байгууллагууд зэрэг гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахдаа зөвхөн хуульд заасан зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд, хамгийн багаар дамжуулах, мэдээллийг аюулгүй байдлыг хангасан суваг, арга замаар дамжуулах, хүлээн авахыг шаардах.
5. Хүний хувийн мэдээллийг хуульд заасны дагуу гуравдагч этгээдэд дамжуулсан талаарх бүртгэлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.12 дахь заалтад заасны дагуу хөтөлж хэвших.
6. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаарх сургалтад банкны холбогдох албан хаагчдыг хамруулах.
Түүнчлэн дээрх ноцтой үйлдлийн мөрөөр "Хаан” банкнаас харилцагчдын хувийн мэдээллийг хамгаалах, учирч болох удаах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ зохих ёсоор аваагүй бөгөөд “Мэдээлэл ор үндэслэлгүй” гэх агуулгатай мэдэгдэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй, нийтлэгдсэн хувийн мэдээллээс үүдэн гарч болох эрсдэлээс харилцагчийг хамгаалахад чиглэгдээгүй, зохистой арга хэмжээ биш байна гэж дүгнэлээ.