Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн II бүлэгт тусгасан “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг /2025.06.25/ зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй өмгөөлөгчид, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн механизмын үйл ажиллагааны онцлог, Комиссоос боловсруулсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн агуулга, дүгнэлт, саналууд болон II бүлэгт тусгасан “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”-ын судалгаа, танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их хуралд өргөн барьсан дүгнэлт, саналуудыг танилцуулав. Түүнчлэн оролцогчдын зүгээс үйл ажиллагаа явуулж, эрхээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлж, асуулт хариулт өрнүүлсэн юм.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов хэлэлцүүлгийн төгсгөлд, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй, улс орнуудын сайн туршлагыг өөрийн орны уламжлалт байдалтай нэгтгэж ажиллахад нь ХЭҮК дэмжлэг үзүүлж ажиллаж буйг онцоллоо. Мөн санал бодол, байр сууриа илэрхийлж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсонд талархал илэрхийллээ.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд нийт 6 бүлгийн хүрээнд Монгол Улсын Их хурлаар шийдвэр гаргуулахаар 45 саналыг хүргүүлсэн бөгөөд энэ цаг мөчид УИХ-аас тогтоол гаргахаар Комиссын саналуудыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм.



