Гомдол
Тэтгэвэр, халамж, асран хамгаалалтад төвлөрcөн өнөөгийн бодлогыг халж нэр төр, бие даасан байдал, тэгш эрхэд суурилсан хандлагад шилжинэ

Тэтгэвэр, халамж, асран хамгаалалтад төвлөрcөн өнөөгийн бодлогыг халж нэр төр, бие даасан байдал, тэгш эрхэд суурилсан хандлагад шилжинэ

2025.06.20 142
Сонсох

“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум “Ахмад настны эрх: насжилтаас үүдсэн сорилт, боломж” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хорооны Нийгмийн хөгжлийн хэлтсийн, Тогтвортой хүн ам зүйн шилжилтийн тасгийн дарга, хатагтай Сабине Хэннинг цахимаар оролцож “Халамж эмзэг байдлаас хүний эрхэд суурилсан арга барилд шилжих үндэслэл, өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөө” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, Ази, Номхон далайн бүс нутаг 60-аас дээш настай 630 сая гаруй ахмад настантай бөгөөд энэ нь дэлхийн нийт ахмад настны талаас илүү байгаа хэрэг юм. Энэ тоо нь 2050 он хүртэл хоёр дахин нэмэгдэж, бүс нутаг дахь дөрвөн хүн тутмын нэг нь 60-аас дээш настай болохоор байна. Ахмад настнуудын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа зэрэг тоо баримтыг дурдав.

Түүнчлэн ахмад настнуудад зөвхөн тэтгэвэр, халамж, асран хамгаалалтад төвлөрcөн өнөөгийн бодлогыг үнэлж, нэр төр, бие даасан байдал, тэгш эрхэд суурилсан хандлагад шилжих, насжилтыг хүний эрхийн асуудал гэж үзэх онолын болон практик үндэслэлийг гаргаж, эрх зүйн өөрчлөлтийн үндсийг хэрхэн тавьж "Улаанбаатарын Уриалга"-ын төсөлд тусгах саналыг хэлэлцэв.

Тус салбар хуралдааны чиглүүлэгчээр “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга Б.Болдсүрэн, панелистаар БНЭУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Нарийн бичгийн дарга, ноён Самир Кумар, БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Олон улсын хүний эрхийн хэлтсийн ажилтан, хатагтай Юукёнг Парк, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Сокорро Эскаланте, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц. Сүхбаатар, Азийн Хөгжлийн банкны төслийн зохицуулагч Б.Энхцэцэг нар ажиллалаа.