Гомдол
Ахмад настнууд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах, хөдөлмөрлөх, орлого олох, бие даан амьдрах эрхтэй

Ахмад настнууд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах, хөдөлмөрлөх, орлого олох, бие даан амьдрах эрхтэй

2025.06.19 52
Сонсох

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, ноён Дашзэгвийн Амарбаясгалан,  Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,

Эрхэм хүндэт  Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, ноён Ан Чанг Хо, Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын Хүний эрхийн байгууллагын хүндэт төлөөлөгчид, олон улсын байгууллага төлөөлөгчид өө, 

Эрхэм хүндэт Засгийн газрын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид,  эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” ахмад настны эрх, насжилтын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн Форумд бидний урилгыг хүлээн авч, оролцож буй Та бүхэнд талархал илэрхийлье.

Бүс нутгийг төлөөлөн ирсэн эрхэм зочид Та бүхэн сайхан Монгол оронд минь тавтай морилж, тухлан саатаарай.

Хүний эрхийн нөхцөл байдал, түүн дундаа ахмад настнуудын эрхийн хэрэгжилт, амьдралын нөхцөл байдал улс орон бүрд харилцан адилгүй төдийгүй нэг улсын дотор ч ялгаатай нөхцөл байдалд байдгийг харгалзан, тохиромжтой хариу арга хэмжээг авах ёстой байдаг.  

Дэлхийн ахмад настай хүн амын тоо 2050 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүн амын сан мэдээлжээ. Тухайлбал, 2019-2050 онд дэлхийн бүх бүс нутагт ахмад настнуудын тоо өснө. Түүнээс хамгийн өндөр өсөлт Зүүн, Зүүн-Өмнөд Азид бүртгэгдэж, 2019 оныхоос /261 сая/ 312 саяар нэмэгдэн 2050 онд 573 саяд хүрэх ажээ.

Ахмад настнуудын тоо, эзлэх хувь нэмэгдэж байгаа энэ үед ахмад настнууд нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцох, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, чадвартай гэдэгт итгэлтэй байж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, асаргаа, сувилгаа зэрэг нийтлэг үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь зүй ёсны шаардлага болж байна.

Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын конвенц, зөвлөмж, тогтоолоор тогтоосон стандартуудыг удирдлага болгон улс орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээхийн зэрэгцээ, 1982 оны 37/51 дүгээр тогтоолоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, 1991 оны 46/91 дүгээр тогтоолоор баталсан НҮБ-ынЕрөнхий ассамблейгаас ахмад настны эрхийг хангахад баримтлах үндсэн зарчим болох бие даасан байдал, оролцоо, халамж, өөрийгөө хөгжүүлэх, эрхэмсэг оршихуйг хүндэтгэх таван үндсэн агуулгын хүрээнд 18 зарчмыг тодорхойлж, хэрэгжүүлэхийг улс орнуудаас уриалсан билээ.

Монгол түмэн нялхсыг өргөн тэтгэдэг, өтгөсийг асран хүндэлдэг гурван үеийн нягт холбоотой амьдарч, аж төрдөг нүүдлийн малчин соёлд суурилсан  эртний ёс заншил, уламжлалтай ард түмэн билээ. Өөрчлөгдөн буй нийгэм, технологи, өрх гэр, хүн ам зүйн нөхцөл байдлын уялдаа холбоо дунд ахмад настныг нийгмийн идэвхтэй иргэн гэж үзэх, тэдний оролцоог хүлээн зөвшөөрч дэмжих, эрхийг баталгаажуулахад олон талт хүчин зүйлийг тооцоолох учиртай юм. Монгол Улсын Ахмад настны тухай хуульд заасанчлан ахмад настнууд эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах, хөдөлмөрлөх, орлого олох, бие даан  амьдрах эрхтэй байхын сацуу ахмадууд залуу үед мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, өвлүүлэн үлдээх хэлбэрээр нийгмийн үйл хэрэгт оролцох учиртай билээ.

2010 онд Монгол Улсын хүн амын дунд 60 ба түүнээс настай ахмад настны эзлэх хувь 5.8 хувь байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж 2 дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан болохоор тооцоолсон байна.

Нийгэм дэх хүн амын насны бүтэц өөрчлөгдөж буй энэ үед ахмадуудын эрхийг  хамгаалах нь хүний эрхийн байгууллагын анхаарах нэг зорилт юм . Хүн амын насжилт нь зөвхөн манай улсын төдийгүй бүс нутгийн орнуудад шинэ сорилтуудыг авчрахын сацуу эерэг, таатай боломжуудыг ч үүсгэж байх тул тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн түвшинд эрх зүйн хамгаалалт бий болгох шаардлага нэгэнт бий болжээ.  

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн санаачилгыг дэмжиж энэхүү форумын арга хэмжээг зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийгмийн  тодорхой бүлгийн эрхийн нөхцөл байдалд тухайлан анхаарал хандуулж ажилладаг бөгөөд тэдгээрийн нэг нь ахмадын эрхийн асуудал билээ.

Энэхүү форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байгаагийн сацуу бүс нутгийн олон улсын болон хүний эрхийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, ахмадуудад тулгарч буй асуудлыг хэлэлцэж, шийдэлд төвлөрөх юм. 

Энэхүү форум нь бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, ахмадуудын эрхийн асуудлыг хэлэлцэх индэр болно гэдэгт итгэлтэй байна.

Бид Нэгдсэн Үндэстний Байгууллагаас ахмадын эрхийн чиглэлээр батлан гаргах конвенцыг боловсруулах, батлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр өнөөдөр энд хуран цуглаад байгаа бөгөөд ахмадын эрх, насжилтаас үүдэлтэй сорилт бэрхшээл, боломж, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны тухай олон чухал сэдвээр мэргэшсэн шинжээчид илтгэл тавьж, “Ахмад настны эрх: насжилтаас үүдсэн сорилт, боломж”, “Ахмад настны эрх: олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” сэдвээр салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Ахмадын эрхийг хангаж, хамгаалахад бодлогын  дэмжлэг үзүүлэх, энэ чухал үйл хэргийг манлайлж ажиллахаа илэрхийлсэн, энэхүү Форумын үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Танд талархал илэрхийлье.

Идэвхтэй насжилт буюу ахмадад ээлтэй нийгмийн бүтээхийн төлөө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, форумын төгсгөлд оролцогчдын дэвшүүлсэн үзэл санааг багтаан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Ахмадын эрхийн тухай конвенц батлах хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон “Улаанбаатарын уриалга”-ыг батлах тул Та бүхнийг форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

           Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.