Гомдол
“Хүний эрхэд суурилсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

2025.06.16 144
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн онд “Хүний эрхэд суурилсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт судалгааг улсын хэмжээнд явуулсан. Уг судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.06.13/ зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал, доктор Т.Сүхболд, нийслэл, дүүргийн Цагдаагийн газрын удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, эрдэмтэн судлаачид, нийслэлийн Цагдаагийн газрын Иргэний зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл оролцов.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг хангах зорилт, хуулийг хэрэгжүүлэх нь чухал. Нөгөө талаас бодлого, эрх зүйн орчин тодорхой байх, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүргийг хангалттай болгох шаардлагатай” гэж онцолсон юм.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд “Цагдаад итгэх олон нийтийн хандлага: Хүний эрх, аюулгүй байдал, хамтын ажиллагаа”, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал, доктор Т.Сүхболд “Цагдаагийн байгууллагаас хүний эрх, эрх чөлөө дээдлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудал”, ХЭҮК-ын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, доктор П.Мөнхтуяа “Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа: иргэдийн сэтгэл ханамж ба алба хаагчийн өөрийн үнэлгээ”, Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа, доктор Ц.Азбаяр “Цагдаагийн албан хаагч бэлтгэх сургалтын бодлого: хөтөлбөр дэх хүний эрхийн агуулга, хэрэгжилт”, судлаач Ш.Баярдулам “Цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх ба албандаа хандах сэтгэл ханамжийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид судалгааны үр дүнгээр илэрсэн анхаарах шаардлагатай зарим дүгнэлт, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ахлагч бүрэлдэхүүний сургалтын давтамжийг нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг сайжруулах, алба хаагчийн хөгжих, сурч боловсрох, гэр бүлдээ гаргах цаг боломж нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Судалгааны үр дүнд үндэслэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх хандлагыг улам гүнзгийрүүлэх, хүний эрхийн сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх, цагдаагийн бүх шатны албан тушаалтан бэлтгэх сургалтын агуулгыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэхэд чиглэх юм.