
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас бүрдсэн Иргэний нийгмийн зөвлөл /ИНЗ/ ажилладаг. Тус Зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд иргэний нийгмийн олон талт оролцоог хангаж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд 2022 онд томилогдсон 8 дахь удаагийн ИНЗ-ийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, 2025 оны зургаадугаар сарын 04-ний өдөр хаалтын хуралдаанаа хийлээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж, “Энэ удаагийн ИНЗ нь иргэний болон улс төрийн эрхээр мэргэшсэн 5, эдийн засаг, нийгэм соёлын эрхээр мэргэшсэн 5 гишүүн, зорилтот бүлэг буюу хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн эрх, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй хүний, хэлний цөөнх, үндэстний цөөнх, бэлгийн цөөнхийн гэсэн олон талын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай ажиллалаа. Та бүхэн Ковид-19 цар тахлын дараах үе буюу хүний эрхийн зөрчил ихтэй, хүнд нөхцөлд ажил хүлээн авч, Комисстой гар нийлж хүний эрхийн боловсролыг түгээх, судалгаа хийх, зөвлөн туслах бүхий үйл ажиллагаанд хамтарч ажилласанд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Тус ИНЗ-ийн даргаар Комиссын гишүүн Х.Мөнхзул ажилладаг бөгөөд 2022-2025 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, цаашид анхаарах асуудал болон хамтран ажиллах чиглэлээр санал солилцсоноос гадна хамтын ажиллагаа үр дүнтэй байсныг онцлон ажилд нь амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд дүрмээ өөрчилж, ИНЗ-ийн гишүүд төрийн бус байгууллагаа төлөөлж ажилладаг байсныг хариуцсан эрхийн асуудлаа бүхэлд нь төлөөлөх, мэргэшсэн чиглэл бүрээр Комиссын гишүүдтэй хамтран ажиллах бодлого барьсан гэдгийг онцлов.
Комиссын дэргэдэх ИНЗ-ийн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
ЛГБТ Төв ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Энхмаа:
-Миний хувьд зөвхөн бэлгийн цөөнхийг төлөөлж ажиллаагүй. Ялгаатай 8 бүлгийн төлөөллөөс гадна олон ялгаралтай бүлэг байгаа. Тэдгээр иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд ажилласан. Бид бэлгийн болон хэлний цөөнх, бэлгийн цөөнх, ахмад настан гэх мэт ялгарлаараа огтлолцдог. Ирэх 3 жилийн хугацаанд хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллах болно.

Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал:
Цаашид Комисстой хамтарч олон ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлыг харвал, нөлөөллийн ажил хийх харьцангуй боломжтой болж эхэлж байна. Өнгөрсөн жил улсын төсөв хэлэлцэх үеэр төсөв хэмнэх асуудал дээр ажиллаж байсан. Тэр процессыг харахад хүний эрхийн салбарт төсөв нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг хийх боломжтой нь харагдсан.

Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн:
-Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн салбарт өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Дараагийн Иргэний нийгмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг харахад мөн олон талын оролцоо, нас, хүйсийн тэнцвэрт байдлыг хангасан байдлаар сонгосонд талархалтай байна. Эхний хурлуудад шүүмжлэх байр суурьтай байсан гишүүдийн хувьд дотор нь ороод ажиллаад эхлэхээрээ дэмжих, хамтран ажиллахын ач холбогдлыг ойлгож, олон ажлын ард амжилттай гарч чадлаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Н.Мягмарцоож:
-Боловсролын ерөнхий хуульд бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсролын хөтөлбөр заавал байна гэж заасан. Миний хувьд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд ажилладаг. Энэ хүрээнд бүх мэргэжлийн оюутнуудын заавал судлах хичээлд хүний эрхийн боловсролын хичээлийг оруулъя гэдэг саналыг гаргасан. Томьёоллын хувьд хүний эрхийн боловсрол, иргэний боловсрол гэсэн 2 нэршилтэй явж байгаа. Энэ хоёрын аль нэг хувилбар дээр тогтох байх. Ямартай ч их сургуулиуд энэ хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж ажиллах болно.

Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Чинзориг:
-Байгаль орчин дахь хүний эрх хамгаалагчийн асуудлаар судалгаа хийх саналыг анх Комисст тавьж, Комиссын 2023 оны илтгэлд тусгасан нь хаалттай сэдвийг олон нийтэд гаргаснаар Байгаль орчны яам, Байгаль орчны үндэсний зөвлөлөөс судалгаа явуулж эхэлсэн нь том алхам юм

Чинагийн Галсан сангийн тэргүүн Г.Галтайхүү:
-ХЭҮК нь Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь туршлага бөгөөд шилдэг механизм гэж боддог. Төрийн бусад байгууллагуудын хувьд иргэний нийгмийн дуу хоолойг сонсдоггүй, оролцоог хангаж хамтарч ажиллах тогтолцоо байхгүйгээс болж олон асуудал үүсдэг. Тиймээс хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд олон талт төлөөллийг тэгш хамруулж, оролцуулж байгаа ХЭҮК-ын энэ сайн жишгийг төрийн байгууллага бүр нэвтрүүлээсэй гэж хүсэж байна.

“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Б.Ардак:
-ИНЗ-ийн гишүүний хувьд Баян-Өлгий аймаг дахь казах хүүхдүүдийн сурч боловсрох эрх, сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн дотуур байранд мониторинг хийсэн. Эдгээр хүүхдийг нийгмийн сүлжээгээр ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг нь зөрчиж байгааг тогтоосон. Миний хувьд, орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын тайланд сүүдрийн тайлан бичиж 2 удаа хэлэлцүүлэг өрнүүллээ. Комиссын албан хаагчдын хамт УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр алслагдсан 3 дүүрэгт ажиглалт мониторинг хийж, орон нутгийн удирдлагуудад хүн төвтэй орон нутгийн хөгжил, хүний эрхийн мэдрэмжтэй орон нутгийн бодлого шийдвэр гаргах нь, үндэсний цөөнх, хэлний цөөнх сэдвээр сургалт зохион байгуулж ажилласан.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, Н.Арвинтариа:
-Комиссоос ИНЗ-ийн гишүүдэд сургалт явуулж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн. Түүнчлэн орон нутагт томилолтоор сургалт, сурталчилгааны ажлаар явсан туршлага хуримтлуулж олон зүйлийг сурахад ач холбогдолтой байсан. Австрали улсаас “Технологи ба хүний эрх”-ийн асуудлаар туршлага судалж, Монгол Улсдаа технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Энэ бүх ажил Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд тусгагдаж УИХ-ын тогтоол батлагдсан нь том ахиц дэвшил юм.