Гомдол
Ахмадууд тасралтгүй хөгжиж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг хүсэж байна

Ахмадууд тасралтгүй хөгжиж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг хүсэж байна

2025.05.27 78
Сонсох

ХЭҮК, иргэний нийгмийн түншлэлтэй жилд хоёр удаа уулзалт зохион байгуулдаг бөгөөд ээлжит 23 дахь уулзалт өнөөдөр /2025.05.27/ боллоо. Уулзалтаар хамтын ажиллагаагхх бэхжүүлж, мэдээлэл солилцох, хүний эрхийн анхаарал татсан асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай. 

Уулзалтыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд ахиц, дэвшил гаргахад зорилго, сэтгэл, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлж, 2025 оны зургаадугаар сард зохион байгуулах “Ахмад настны эрх, насжилтын асуудлаарх Ази номхон далайн бүсийн форум” -ын талаарх мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Дэлхийн хүн ам зүйн бүтэцэд сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөлт орж, ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэж байна. 2030 онд дэлхийн нийт хүн амын 994 сая буюу 12 хувийг ахмад настан эзлэх тооцоо бий. Энэ тоо 2050 онд 1.6 тэрбумд хүрч өсөх бол Монгол Улсын хувьд ахмадын тоо мөн үед гурав дахин нэмэгдэхээр байна. Гэтэл насаар ялгаварлахыг хориглох, насжилтаас үүдэлтэй нийгэм эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдэх олон улсын конвенц, гэрээний заалт ч байдаггүй. Тиймээс ахмадын эрхийн тухай бие даасан конвенц, бодлогын бичиг баримттай болоход Монгол Улс хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн хэмжээний томоохон уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн” гэлээ. Түүнчлэн ахмад настнуудын нэр төр, оролцоо, хүний эрхийг хангахын тулд бид бүхний хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцолсон юм.

Иргэний нийгмийн түншлэлийн уулзалтаар оролцогчдод ХЭҮК-ын 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнг танилцуулж, цаашид анхаарал хандуулах шаардлагатай асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхсон асуултад хариулт өглөө. 

Энэ үеэр Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Товуусүрэн “Ахмад настнуудын эрхийн хэрэгжилт”-ийн талаарх мэдээлэлдээ “ахмад настан” гэдгийг өндөр настан, бусдын гар харсан, асрамж халамж хамгаалал горьдсон, бүхнийг шаардаж, бухимдаж, тунирхсан хүмүүс гэсэн явцуу хандлага, хэвшмэл ойлголт, сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. 

Эдгээр сөрөг ойлголт ахмад настнуудыг ялгаварлан гадуурхах шалтгаан болж байна. Бид ялгаварлан гадуурхалтаас ангид байж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, шинэ зүйлд суралцаж, хөдөлмөрлөх,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  эрхээ бодитой эдлэхийг хүч байна” гэсэн юм.