Гомдол
М.Алтанболор: Хүний эрхийн сургалтад хамрагдахыг үе тэнгийн найзууддаа уриалж байна

М.Алтанболор: Хүний эрхийн сургалтад хамрагдахыг үе тэнгийн найзууддаа уриалж байна

2025.05.27 135
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албатай байгуулсан 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сурагчид болон багш нарын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, санал солилцох уулзалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд тус дүүргийн 60 дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагчид өнөөдөр (2025.05.27) Хүний эрхийн Үндэсний Комисст ирж үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчид Комиссын үйл ажиллагаатай танилцахын сацуу хүний эрхийн суурь ойлголт, хүний эрхийг хэрхэн баталгаажуулж, хамгаалдаг, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт гэж юу болох талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтад хамрагдсан сурагчид хүний эрхийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэндээ талархалтай буйгаа илэрхийлж байв. Сурагч М.Алтанболор “Хүний эрхийн талаар суралцаж, мэдлэг олж авсандаа баяртай байна. Хүний эрхийн ойлголт бол хүмүүс хоорондын харилцаа юм байна. Сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт элбэг байдаг. Хувь хүн өөрийнхөө харилцаа, хандлагыг засаад эхэлбэл дээрэлхэлтэд өртөхгүй, бусдыг дээрэлхээд байхгүй юм байна гэж сургалтаас ойлголоо. Тиймээс үе тэнгийн найз нартаа хүний эрхийн сургалтад сайн хамрагдаж байхыг уриалъя” гэсэн юм.