Гомдол
“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалтыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалтыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа

2025.05.27 134
Сонсох

ХЭҮК нийслэлийн зургаан дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалтад үе шаттай хамруулж байна. Засаг захиргааны анхан шатны нэгжид иргэдтэй нүүр тулан ажилладаг ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус сургалтыг өнөөдөр /2025.05.26/ Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа. Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нар нээв.

Комиссын гишүүн Г.Нарантуяа шилжилт хөдөлгөөн тэр дундаа шинээр суурьших иргэдийн тоо өндөр Сонгинохайрхан дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хүний эрхийн сургалтад идэвх санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлж, ХЭҮК-ын бодлого, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулан ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, дүүргийн хүний эрхийн төлөв байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнуудын зүгээс сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эмчилгээ, сувилгаанд тулгамдаж буй асуудал, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрх, хамгаалал, ахмад настныг асран хамгаалах асрамжийн газрын хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, түр оршин суурьшигчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлыг хөндлөө. Мөн ядуурал, ажилгүйдэл, согтууруулах ундааны хэрэглээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж байгааг онцолсон юм.

Хэсгийн ахлагч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нохойд хазуулах, согтуу хүний халдлагад өртөх зэрэг эрсдэл, хүндрэл бэрхшээлээ ярьж, уг асуудлыг шийдвэрлэхэд дүүргийн удирдлагуудын зүгээс тодорхой бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар ярив.

Сургалт “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал”, “Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр үргэлжиллээ.