Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилго бүхий “Бид эмэгтэйчүүд” чуулганыг УИХ-ын Тамгын газар, НҮБ, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) хамтран 2025 оны 05 дугаар сарын 21, 22-нд зохион байгуулж байна.

Чуулганд 21 аймаг, сум, нийслэлийн 9 дүүргийн нийт 800 гаруй эмэгтэй төлөөлөл оролцож байгаа бөгөөд арга хэмжээг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгэндээ “Шийдвэр гаргалтын түвшин дэх эмэгтэйчүүдийн квотыг хуулиар тогтоож өгөхөөс гадна Монгол Улсынхаа нийгэм, ёс заншил, уламжлал зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог бодитой дэмждэг байх үзэл хандлагыг суулгахад илүү төвлөрч ажиллах шаардлагй. Ялангуяа, орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно. Эмэгтэйчүүд сонгогдож ажиллаж байгаа орчин болгон илүү үр дүнтэй, ажил хэрэгч, илүү өргөн цар хүрээгээр харсан шийдвэр гаргаж чаддаг байх болно гэдэгт огт эргэлздэггүй” гэлээ.

Арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Комисс нь 2025, 2026 онд Иргэний болон улс төрийн эрхийн орон зайг хамгаалах, эдийн засаг, нийгэм соёлын эрхэд ахиц гаргахыг дэмжих, зорилтот бүлгүүдийн эрхийн хамгаалахад манлайлах, зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлэх, бүс нутгийн түвшинд идэвхтэй ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөгийг Булган, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум, Өмнөговь аймгийн Ханбогд, Өвөрхангай аймгийн Хархорин сумдад шат дараатай зохион байгуулж байна.
Уг арга хэмжээгээр тухайн аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх талаар танилцуулж, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын мэдээлэл өгч, холбогдох төрийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтад хамруулан Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцуулахаар төлөвлөсөн.
Монгол Улсын 21 аймагт хүүхдийн эрх, хөдөлмөрлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт түгээмэл зөрчигдөж байна.
Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа хүндээ ээлтэй төлөвлөх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд анхаарах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг аймаг, сумын төсөвт тусгайлан тусгах, аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс тухайн орон нутгийн иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн мэдэх эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамтран ажиллах, иргэдийг хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллээр тогтмол хангаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Чуулганы үндсэн илтгэлийг:
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”,
- ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”,
- Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд” сэдвээр тус тус тавив.
Мөн салбар хэлэлцүүлгүүд
- Хүүхэд, гэр бүлийн бодлого- УИХ-ын гишүүн Л.Энхсайхан
- Эрүүл мэндийн бодлого-УИХ-ын гишүүн Д.Ганмаа
- Боловсролын бодлого- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт-УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэдвийн хүрээнд үргэлжилнэ.
Энэхүү чуулган нь орон нутгийн эмэгтэй төлөөлөгчдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, бодлого тодорхойлогчдын анхаарлыг жендэрийн тэгш байдалд хандуулахад чухал ач холбогдолтой юм.
