Гомдол
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төрийн албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдав

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төрийн албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдав

2025.05.21 95
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийг 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 160 орчим албан хаагчийг хамрууллаа.

Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд нээж хэлсэн үгэндээ төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, ил тод, шударга, тэгш, чирэгдэлгүй хүргэхэд төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлага ихээхэн хамааралтайг онцолж, хүний эрхийн эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж байгаа оролцогчдод талархал илэрхийллээ.

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт бүлгийн эрхийн асуудал тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настны ялгаатай хэрэгцээ, онцлог, эдгээрийн эрхийн хэрэгжилтэд анхаарах асуудал, хууль тогтоомжийн хэрэглээг тайлбарлан таниулахыг зорьсон нь онцлог байв.

Сургалт “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Бүлгийн эрх”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.