Гомдол
УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцлээ

УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцлээ

2025.05.20 140
Сонсох

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийг хэлэлцлээ.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн  өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулгадаа, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон байна. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал юм.

Комиссоос 2024 онд хийсэн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүн тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг энэ бүлэгт дэвшүүлсэн болно хэмээн танилцуулав.

Харин 24 дэх илтгэлийн V бүлэг болох “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийн танилцуулгадаа Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 онд ирсэн гомдол, мэдээллийн 52.9 хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хилс хэрэг хүлээсэн, эрүү шүүлтээс ангид байх, хууль бусаар цагдан хоригдсон, орон байрны халдашгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд дийлэнх хувийг эзэлж байна гэв.

Харин Комиссын гишүүн Ж.Хунан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн  зарим асуудал” бүлгийн танилцуулгадаа насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах үйл ажиллагаа, хохирогч хүүхдийн хууль зүйн туслалцаа авах эрх, хохирлоо барагдуулах эрхийн талаар танилцуулсан юм.  Тухайлбал,

Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.