ХЭҮК-ын дарга Д.Сүнжид ХБНГУ-ын Касселын их сургуулийн профессор, ноён Феликс Вэлтиг /Felix Welti/ хүлээн авч уулзав. Уулзалтад /2025.05.19/ Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, эрх зүйн төсөл хариуцсан менежер О.Оюундарь, ХБНГУ-ын Касселын их сургуулийн судлаач С.Амармэнд нар байлцлаа.

Профессор Феликс Вэлти “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилт, Комиссын чиг үүрэг, олон улсын хамтын ажиллагааны чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч сонирхсон асуултдаа хариулт авлаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, чиг үүрэг, хүний эрхийн хэрэгжилтийн талаар танилцуулж, санал солилцож Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн талаар танилцуулав.
