Гомдол
ТҮЦ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх дүгнэлтийг танилцууллаа

ТҮЦ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх дүгнэлтийг танилцууллаа

2025.05.09 141
Сонсох

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж үзэж нэр бүхий 39 иргэн ХЭҮК-т гомдол гаргасан. Гомдлын дагуу хяналт шалгалт явуулж дүгнэлт, зөвлөмж гаргасан талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр /2025.05.09/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээлэл шалгах, хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх, хяналт, шалгалт хийх. Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд ингэхдээ нийслэлийн Засаг дарга болон Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт албан бичгээр хандахаас гадна биечлэн уулзсан. Мөн гомдол гаргагчдын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзаж, ТҮЦ-ийг албадан нүүлгэж буй байдалд ажиглалт хийж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн ХХ хороонд байрлах “Журмын хашаа” зэрэг байршилд очиж нөхцөл байдалтай танилцан ТҮЦ зөөвөрлөн байршуулсан байдлыг баримтжуулж авсан талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээллээ.

Тэрбээр дараах дүгнэлтийг танилцууллаа.

Нэгдүгээрт, эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн.  Хүн тус бүртэй нэг бүрчлэн уулзаж, боломжит нөхцөл байдлаа санал болгосноо баримтжуулаагүй. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг гардуулан өгч, газар чөлөөлөх хугацааны талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлаар шүүхэд хандах эрх хязгаарлагдсан байж болзошгүй байна.

Хоёрдугаарт, уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх арга хэмжээний үеэр зарим иргэний эрх зөрчигдсөн, эд хөрөнгөд хохирол учирсан, хүнлэг бус харьцсан, нүүлгэн шилжүүлэх ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхий зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй байна гэж үзсэн.

Гуравдугаарт, дүүргүүдийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар гомдол, санал гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзалт хийх, үр дүнтэй хэлэлцээ хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусдын эд хөрөнгийг гэмтээхгүй байхад анхаарч ажиллах, энэ талаар авч хэрэгжүүлсэн ажлын дүн Комисст мэдээлэх зөвлөмжийг өгсөн. Гэвч уулзалтаас тодорхой үр дүн гараагүй, газар чөлөөлөх үйл ажиллагаа эрчимжсэн талаар нэр бүхий иргэнээс Комисст гомдол ирүүлсээр байна.

Тиймээс дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдээ хүлээн авч уулзах. Дүүргийн зүгээс иргэдэд санал болгосон ажлын байр, боломжит нөхцөлөө танилцуулж, зөвшилцөлд хүрэх бүх арга хэмжээг авах.

Сонсох ажиллагааг үр дүнтэй хийж, бэлтгэл ажлыг зохих ёсоор хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, нүүлгэх шилжүүлэх ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох.

Нийслэл, дүүргийн Засаг даргын холбогдох албаны албан хаагчдынхаа хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах шаардлагатай гэж үзсэн. Энэхүү зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэх болно” гэв.

Хэвлэлийн хурлыг бүтэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.