Гомдол
“Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан”-тай танилцлаа

“Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан”-тай танилцлаа

2025.05.08 93
Сонсох

✅Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлөөс гурав дахь жилдээ нэгтгэн гаргаж буй “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г ХЭҮК-т танилцуулах уулзалт өнөөдөр /2025.05.07/ боллоо.

✅Уулзалтад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга С.Тэнгис, ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлага хариуцсан газрын мэргэжилтэн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов. Мөн ХЭҮК-ын 21 аймаг дахь референтүүд цахимаар оролцож тайлантай танилцаж, санал бодлоо илэрхийлсэн юм.

✅Уг тайланг 2022 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд хүний эрхийн төлөв байдлыг аймаг, бүсээр нарийвчлан гаргах нь Засгийн газар тухайлсан шийдэл гаргахад ач холбогдолтой хэмээн үзжээ. Өмнө нь тайланд зөвхөн 21 аймгийг хамруулдаг байсан бол энэ удаа нийслэлийн есөн дүүргийг оролцуулсан нь онцлог байв.

✅ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Засгийн газар орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдалд анхаарал хандуулж Комисст тайлангаа танилцуулж байгаад талархаж, хүний эрхийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, зөрчлийг таньж мэдэх, хүний эрхийн гарын авлага, арга зүйгээр хангаж илүү боловсронгуй, үр дүнтэй болгоход мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцлаа.

✅ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, үүнийг зөвхөн тайлан, төлөв байдлын үнэлгээ гэхээс илүү нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдын хүний эрхийн ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх, чадавхжуулах процесс гэж үзэж байна. Мөн удирдлага, мэргэжилтнүүд орон нутагтаа хүний эрхийн тулгамдсан асуудлаа илрүүлж, анхаарал хандуулахад ихээхэн дэм болно. Тиймээс тайлангаа цаашид илүү үр дүнтэй, бүтээлч байлгахад анхаарал хандуулахыг зөвлөв.