УИХ-ын 2025.05.01-ний өдрийн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, илтгэлийн бүлгийн санал, зөвлөмж бүрийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, Хууль зүйн байнгын хороо нэгтгэн УИХ-д танилцуулахыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.05.07/ хуралдаанд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул илтгэлийн 4 дэх бүлэг болох "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл", Комиссын гишүүн Ж.Хунан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал" буюу 5 дугаар бүлгийн санал, зөвлөмжийг танилцууллаа.
ХЭҮК-оос УИХ-аар холбогдох шийдвэр гаргуулахаар "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" бүлгийн хүрээнд 4 , "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал" бүлэгт 9 санал, зөвлөмж хүргүүлээд байгаа.
Байнгын хороо дээрх хоёр бүлгийн санал, зөвлөмжийг хэлэлцээд санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.