Гомдол
"Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе" нөлөөллийн аян нээлтээ хийлээ

"Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе" нөлөөллийн аян нээлтээ хийлээ

2025.04.08 117
Сонсох

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, алба хаагчийг чадавхжуулах, сургалт, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах, алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, хуульд заасан баталгааг хангах зорилго бүхий "Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе" хоёр сарын хугацаатай нөлөөллийн аян өнөөдөр нээлтээ хийлээ.

Арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул болон штаб анги, байгууллагын 1000 гаруй алба хаагч 19 байршлаас танхимаар болон цахимаар оролцов.

Комиссын гишүүн Б.Энхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ цэргийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрх ба үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргийн талаар мэдээлэл хийж цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал танилцууллаа.

Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “хамтдаа хөгжье” уриалгын агуулга нь бүхэлдээ хүний эрхийг дээдлэх, хүндэтгэх үйл ажиллагаанд чиглэж байгааг талархан тэмдэглээд аяны үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь цагдаа, дотоод цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хүний эрхийг хангаж буй байдлын талаарх цагдаагийн алба хаагч болон зорилтот бүлгийн иргэдийн сэтгэл ханамжийн судлах, алба хаагчдыг хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтад хамруулах, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.