Гомдол
“Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх”, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийг танилцууллаа

“Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх”, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийг танилцууллаа

2025.03.21 37
Сонсох

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл танилцуулах уулзалт “Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх” бүлгийн танилцуулгаар үргэлжилж байна.

Илтгэлийн бүлгийг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан танилцуулсан бөгөөд тэрбээр дараах асуудлуудыг онцолсон. Тухайлбал, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг 2018 оноос огцом өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас сүүлийн 5 жилд 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирсон. Хохирогчдыг нийгмийн байдлаар нь авч үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагч 1320, сургууль завсардсан 21, оюутан 60, бусад 229 хүүхэд байна.

Шүүх шинжилгээний байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр 5,487 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 885 нь хөгжлийн бэрхшээлтэй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаар 2021 онд 212, 2022 онд 218, 2024 онд 222 хүн ял шийтгэл эдэлж байна.

Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахдаа хохирогчоос олон дахин мэдүүлэг авдаг,  мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулдаг, мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлдэг, мэдүүлэгт гарын үсэг зуруулдаг, хэрэг хянан шалгах ажиллагааг урт хугацаанд явуулж байгаа зэрэг нь хохирогч хүүхдийг давхар хохироох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Мөн насанд хүрээгүй хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй зэрэг асуудал нөлөөлж байгааг хөндлөө.

Үргэлжлүүлэн Комиссын гишүүн Б.Энхболд “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 2020-2024 онд Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх 68,399 эрүүгийн хэрэгт холбогдсон 78,967 хүн, 50 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Үүнээс торгох ял нь 50 хувь, хорих ял нь 18 хувь, 8 хувь нь зорчих эрхийг хязгаарласан шийдвэр эзэлж байна.

Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2020 онд нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 23 хувьд хорих ял оноож байсан бол 2024 онд энэ төрлийн ялын тоо 14.7 хувь болж буурч, торгуулийн ял шийтгэл оноож байсан үзүүлэлт 47.9 хувиас 51.6 хувь бол өссөн.

Хохирол нөхөн төлүүлэх процессын хувьд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлбөр барагдуулалт жил ирэх тусам өссөн дүнтэй байгаа боловч төлбөр төлөх үйл явц удаашралтай, барагдуулалт хангалттай үр дүнд хүрэхгүй байна.

Мөн улсын хэмжээнд 2021 онд 2351 хоригдлыг ажлын цалинтай байраар хангаж ажиллуусан бөгөөд 993,2 сая төгрөгийн цалин бодогдсон. Бодогдсон цалингаас гэмт хэргийн улмаас учирсан 187,0 сая төгрөгийн гэм хорын төлбөрийг, 2024 онд хорих ангийн үйлдвэрт 517, аж ахуйн үйлчилгээнд 2035, гэрээт хэсэгт 793, нийт 3345 хоригдлыг ажлын байраар хангаж, 4,301.7 сая төгрөгийн цалин, хөлс бодогдсоноос гэмт хэргийн улмаас учирсан 625,1 сая төгрөгийг гэм хорын төлбөрийг барагдуулж, 22.4 хувийн өссөн дүнтэй байна гэлээ.

24 дэх илтгэл танилцуулах уулзалт үргэлжилж байна.