Гомдол
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох албаны төлөөлөл санал солилцлоо

Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох албаны төлөөлөл санал солилцлоо

2025.03.19 53
Сонсох

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага Нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн үйл ажиллагаа, хүмүүжигчдийн эрхийн хэрэгжилтийг хангах асуудлаар тус төвд ажиллаж, санал солилцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь 1948 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 оноос холбогдох захиргааны байгууллагын шийдвэрээр хүмүүжигчдэдээ бүрэн дунд боловсролоос гадна англи хэл, мэдээллийн технологи, зураг, хөгжим, шатар, эсгий урлал, талх нарийн боов, сэтгэл зүй, зан чанар зэрэг хичээлээс гадуурх сургалтад хамруулж байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд мэдээлэл өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан тус сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Тэрбээр өсвөр насны хүмүүжигч хүүхдүүдийн сурч, амьдарч байгаа байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтээр тодорхойлсон бөгөөд  барилгыг шинэчлэх ажил удаашралтай байгааг онцолсон.

Тиймээс шинэ барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулж, хүүхдүүдийн амьдрах, суралцах орчныг стандартад нийцүүлэх, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, сургалтын байгууллага гэдэг онцлогийг анхаарч хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг бүрэн хангах, камерын хяналтын системтэй болох, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүжигч хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд бүх шатандаа анхаарч, хүүхэд хамгааллын бүтцүүдтэй нягт уялдаатай ажиллах шаардлагатайг тодотгон хэллээ.