Гомдол
ХЭҮК-ын төлөөлөл Данийн Вант Улс болон Бүгд Найрамдах Эстони Улсад ажиллаж байна

ХЭҮК-ын төлөөлөл Данийн Вант Улс болон Бүгд Найрамдах Эстони Улсад ажиллаж байна

2025.01.27 46
Сонсох

Хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж, санал гаргах зорилго бүхий “Хүний эрх ба Технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтын хүрээнд Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Европын холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр /TAIEX/ -ийн дэмжлэгтэйгээр Данийн Вант Улс болон Бүгд Найрамдах Эстони Улсад ажиллаж байна.

Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 20-ноос 22-ны өдөр Дани Улсад ажиллалаа.

Энэ үеэр тус улсын Хүний эрхийн хүрээлэн, Парламентын Омбудсманы газар, Цахим засаглалын агентлаг болон Копенхаген хотын нутгийн захиргааны байгууллагын Аудитын газрын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийг хангах, хамгаалах түүний дотор хүний хувийн мэдээллийг цахим хөгжлийн өнөөдрийн түвшинд хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах болон нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон Европын Холбооны хууль тогтоомж, олон улсын гэрээний талаарх холбогдох мэдээллийг авч, хэрэгжилттэй танилцаж, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Дани Улсын Хүний эрхийн хүрээлэн нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой идэвхтэй хамтран ажилладаг олон улсын түнш бөгөөд Комиссоос хэрэгжүүлж байгаа “Хүний эрх ба Технологи” хяналт шалгалт явуулахад чиглэсэн баримт бичиг боловсруулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ удаагийн уулзалтын үндсэн сэдэв нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хүний эрхэд нөлөөлөх байдал болон 2024 онд батлагдсан Европын Холбооны хиймэл оюуны тухай хууль /Artificial Intelligence act/ байлаа.

Аливаа шийдвэр гаргах, шинэ технологи нэвтрүүлэхийн өмнө болон шийдвэрийн хэрэгжилтийн үед “Хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ”-г хийсэн сайн туршлагаа Копенхаген хотын захиргааны Аудитын газрын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсээс хуваалцсан нь онц сонирхолтой мэдээлэл байлаа.

Энэхүү сайн туршлага нь Комиссоос хэрэгжүүлэх хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ, үүнд чиглэсэн баримт бичгийг боловсруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахад чухал ач холбогдолтой байх болно гэдгийг талууд дүгнэсэн.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга нар ажиллаж байна.