Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх Тусгай төсөв”-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
“Тусгай төсөв”-ийн үндсэн зорилго нь хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэх, хүний эрх хамгаалагчдыг хамгаалахад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх үндсэн зорилготой “Хүний эрхийн Форум”-ын дэргэдэх төсөв юм.
Уулзалтад “Тусгай төсөв”-ийн дарга С.Цэрэнпүрэв, гишүүн Б.Алтантуяа, Ж.Сайнзаяа, С.Цэндбаатар, А.Долгор, Б.Баттогтох нар оролцож “Тусгай төсөв”-ийн ажиллах журамд орсон шинэ нэмэлт өөрчлөлт болон Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм байгуулагдсан цагаас хойш тус механизмыг дэмжиж ажилласан “Тусгай төсөв”-ийн дарга, гишүүдэд талархал илэрхийлээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш гүйцэтгэсэн ажлын тоймыг товч танилцуулсан юм.
Энэ удаагийн уулзалтаар хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэх “Тусгай төсөв”-өөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.



