Гомдол
“Идэвхтэй насжилтыг дэмжих төв”-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

“Идэвхтэй насжилтыг дэмжих төв”-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2024.05.30 324
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын төлөөлөл “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг түшиглэн хэрэгжүүлж буй “Идэвхтэй насжилтыг дэмжих төв”-ийн загвар үйл ажиллагаатай танилцаж,  төслийн удирдах хорооны хуралд оролцож, ахмад настны эрхийн талаар товч мэдээлэл, зөвлөмж өглөө.

“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 22 дахь илтгэлд ахмад настны эрхийн хэрэгжилтийг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээний тухай 49 дүгээр тогтоолыг баталсан.

Тус тогтоолд ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ахмадын асрамж, хамгаалал, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох асуудлаар цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд төслийн хүрээнд эдгээр заалтуудын хэрэгжилт хангагдаж байгаад Комиссын гишүүн Х.Мөнхзул талархал илэрхийлэв.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Ахмад настны эрхийн тухай конвенцыг батлахад хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд тус конвенцыг батлуулах үйл явцыг ХЭҮК дэмжиж байгааг дурдаж, ахмад настны эрхийг хамгаалах, хангахад бүх талын оролцоо чухал гэдгийг онцоллоо.