Гомдол
Шүтэх, эс шүтэх эрх чөлөө, шашны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Комисс дэмжлэг үзүүлнэ

Шүтэх, эс шүтэх эрх чөлөө, шашны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Комисс дэмжлэг үзүүлнэ

2024.05.27 623
Сонсох

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа зарим шашны байгууллагаас улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа гаргасан боловч тодорхой үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй байгаа нь шүтэх, эс шүтэх эрх чөлөөг зөрчиж зөрчиж байгаа талаарх гомдлыг 2023 онд Комисст гаргасан юм. Гомдлын мөрөөр шалгах ажиллагаа явуулж, хүчин төгөлдөр үйлчилж буй Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, холбогдох журмын хүрээнд шашны байгууллагыг бүртгэх, зөвшөөрөл олгох, сунгах асуудлыг шийдвэрлэхийг шаардаж, Комиссын гишүүний 2023 оны 04/09 дугаар шаардлагыг НИТХ-ын даргад хүргүүлсэн.

Шаардлагын дагуу шашны байгууллагуудыг бүртгэх, үйл ажиллагаа явуулахад нь цаашид үндэслэлгүй хязгаарлалт тавихгүй талаараа НИТХ-ын Тамгын газар Комисст тайлбарлаж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хүсэлтийн дагуу Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэн найруулах, шашны байгууллагыг бүртгэх журмыг шинээр батлахад дэмжлэг үзүүлэхээ Комисс илэрхийлсэн. Энэ хүрээнд цуврал арга хэмжээ явуулж байна.

Тухайлбал, Комиссын гишүүн Г.Нарантуяа, ахлах референт Б.Нандинцэцэг нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын төлөөлөлтэй 2024 оны 02 сарын 29-ний өдөр санал солилцлоо.

Уулзалтад Зүүн Хүрээ Дашчойлин хийд, Монголын бөөгийн нэгдсэн эвлэл, Католик сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Монголын Эвангелийн Эвсэл, Долоо дахь өдрийн Адвентист чуулган, Шинто шашны төлөөлөл, Исламын шашны болон Бахай шашин зэрэг 12 байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Уулзалтаар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэл мөрдөгдөж буй хуулийн дагуу шинээр бүртгэл хийх, бүртгэлийн хугацааг сунгуулах ажлыг үргэлжлүүлэх, бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, гэрээ байгуулах эрх хязгаарлагдахаас урьдчилсан сэргийлэх асуудлыг хөндөж, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг хангахад төр, шашны байгууллага нь хамтын хүчин чармайлт ёстойг онцолсон.

Улмаар шашны асуудал болон бүртгэл хариуцсан төрийн албан хаагчийн ажлын чиг үүрэг, шашны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуулийн шинэчилсэн найруулгад шашны боловсролыг албан ёсны боловсролын хөтөлбөрт оруулах, Монгол Улсад шашны үйл ажиллагаа эрхэлж буй гадаад улсын иргэний визийг урт хугацаагаар олгох, шашны байгууллагыг шинээр бүртгүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгох, зөвшөөрлийг зөвхөн шүүхийн байгууллагаас цуцалдаг болох зохицуулалтыг тусгах саналтай байгаагаа Комисст илэрхийлсэн. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудыг бүртгэх, бүртгэлийг сунгах үйл ажиллагаа Улаанбаатар хот болон орон нутгийн төвшинд харилцан адилгүй, шашны төрлөөс хамаарч ялгаатай явагдаж байгаа нь шүтэх, эс шүтэх эрх чөлөө зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна.

Зохицуулалтын талаасаа ч энэ бол Монгол Улсад үр ашиггүй тул бүртгэлийн үйл ажиллагааг Төр, сүм хийдийн харилцааны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа Комиссын гишүүн Г.Нарантуяа илэрхийлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход талуудыг сонсож, Монгол Улсын нийтлэг эрх ашиг, хүний үндсэн эрх чөлөөний тэнцвэрийг хангахуйц эрх зүйн зохицуулалт бий болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.