ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо, Иргэнийн нийгмийн зөвлөл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сонгох, сонгогдох эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг бататгах, сонгуулийн хуулийг зөрчих, далд сурталчилгаа хийх, хүний нэр төр, хувийн мэдээлэлд халдах, худал мэдээлэл тараах, кибер орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хүний эрх ба Сонгууль” сургалтыг ХЭҮК, СЕХ хамтран өнөөдөр /2024.05.24/ зохион байгууллаа.
Арга хэмжээнд Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов оролцож, олон нийтийг бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх нь сэтгүүлч хүний гол үүрэг. Ур чадвар, орчин үеийн сэтгүүлзүйн мэдлэг, дадал эзэмшсэн ёс зүйтэй сэтгүүлч нь өнөөгийн нийгмийн хамгийн эрэлттэй боловсон хүчин байх ёстой, дагаад ард түмнийг мэдлэгжүүлдэг, тэдний оролцоог төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэж чаддаг үнэний хоолой нь байж чадна гэдгийг оролцогчдод хандаж хэлсэн юм.
Сургалтын арга хэмжээг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог” сэдвээр эхлүүллээ.
Тэрбээр “Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэд санал өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтад гадаадад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийн саналыг авсан. Санал хураах процесст нийт 7700 орчим хүн бүртгүүлснээс 4400 орчим нь саналаа өгсөн. Тухайн үед санал өгөхийг уриалах, хэрхэн санал өгөх талаарх мэдээллийг бүх сувгаар түгээсэн боловч иргэдийн идэвх сул байсан. Учир нь тухайн иргэн санал өгөхийн тулд эхлээд оршин суугаа улсынхаа Дипломат төлөөлөгчийн газарт очиж бүртгүүлнэ. Үүний дараа санал өгөх үедээ дахин очих шаардлага гардаг байсан нь санхүүгийн хүндрэл тулгарах шалтгаан болж байсан юм.
Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх гадаад дахь иргэд цахимаар бүртгүүлж болно. Харин санал өгөх үед өөрийн биеэр заавал очих ёстойг анхаарах шаардлагатай.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах материаллаг эдийн хэрэглээний зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Мөн тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэг дор авах боломжийг иргэдэд олгож байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигч бүр өөр өөрийн сурталчилгааны самбар ашигладаг байсныг болиулж, нэг тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдийн мэдээллийг нэг самбар дээр байршуулна” гэлээ.
Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын танилцуулга сэдвийн хүрээнд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 47.1-т сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн болон нам, эвсэл өөрийн тус бүр нэг цахим хуудас, 47.2-т цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсаар дамжуулж сурталчлах тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Харин хуулийн 47.3-т заасан бусад цахим хуудсаар дамжуулж, сурталчлах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр хуулиар зохицуулсан гэлээ.
Мөн цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй байх тохиргоотой нийтэлнэ. Үүрэн холбооны болон интернэтийн сүлжээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүргийг тус хуулиар хүлээж байгаа гэв.
Улмаар ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх алба, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээллээр сургалт үргэлжиллээ.
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны ЗХБМАЗХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Чулуунбаатар Зөрчлийн тухай хуулийн “Сонгуулийн хууль зөрчих” зохицуулалт сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ.
Тэрбээр сонгуулийн сурталчилгааг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах, ухуулах байр ажиллуулах, сонгогчдын уулзалт, хурал цуглаан хийх, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах, сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, цахим орчин ашиглах, өдөр тутам болон бусад сонин сэтгүүлд сурталчилгааны материал нийтлүүлэхээс бусад арга хэлбэрээр явуулж болно.
Харин бусад арга хэлбэрээр сурталчилгаа хийвэл зөрчилд тооцогдоно.
Тухайлбал, холбогдох хууль, журамд сурталчилгаанд хориглох үйлдэл, үйл ажиллагааг тодорхойлж өгсөн. Үүнд:
-Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх
-Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах
-Төрийн болон өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах
-Орой 22.00 цагаас өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглахыг хориглоно гэдгийг танилцууллаа.
Харин Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэлд дүн шинжилгээний хэлтсийн чиглэлийн ахлах мөрлөгч, цагдаагийн хошууч Б.Түмэндэмбэрэл кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн тоон үзүүлэгдэж нэмэгдэж байна. Халдлага, гадаад болон дотоод улсаас чиглэж байгааг шалгалтаар тогтоож байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг гарч байна. Тухайн гэмт хэргийг цаг алдахгүй шалгаж, тогтоох, таслан зогсоох, хүүхдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Иргэд цахим халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд антивирусын программ суулгах, программ хангамжийн шинэчлэлийг цаг тухайд нь хийх, нууц үгээ байнга солих, тусгай тэмдэгт бүхий олон орон ашиглах зэргээр хамгаалалтаа сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.
Түүнчлэн Deepfake технологи ашиглаж, хүний эрхийг зөрчих үйлдэл цахим орчинд гарч байна. Уг технологи нь дуу дүрс дамжуулах, шууд дамжуулалт хийх зориулалттай ч дэлхийн улс орнуудад бусдыг залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна гэлээ.
Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нарын мэдээллээр үргэлжилсэн. Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази тив дэх анхдагч улс нь Монгол Улс болсон. Ингэснээр Монгол Улс нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах, хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаагаа нотлон харуулсан юм гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон. Улмаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчил, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх хамгаалагчдын эрх зөрчигдөж болзошгүй асуудлаар мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн онцлог, Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр хүний хувийн мэдээллийг хамгаалах шаардлага зэрэг асуудлаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
"Хүний эрх ба Сонгууль" сургалтад 79 хэвлэл мэдээллийн байгууллагын 82 сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 18 төлөөлөл хамрагдаж, өөрсдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн юм.