НҮБ-ын Насжилтын асуудлаарх Нээлттэй ажлын хэсгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 65/182 дугаар тогтоолоор байгуулсан билээ.
Нээлттэй ажлын хэсэг нь ахмад настны хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн орчныг авч хэлэлцэж, боломжит хийдэл, цоорхой болон тэдгээрийг шийдвэрлэх хамгийн зохистой арга замыг тодорхойлох, тэр дундаа цаашид авч болох арга хэмжээ, бий болгох гэрээ, конвенцын асуудлыг авч үзэх зорилготой юм.
Уг бүтцийг гишүүнчлэлийн тоог хязгаарладаггүй буюу оролцоо нээлттэй, нэмэгдэн орж хувь нэмрээ оруулах боломжтой байдаг тул Нээлттэй ажлын хэсэг гэж томьёолдог юм.
НҮБ-ын Насжилтын асуудлаарх Нээлттэй ажлын хэсгийн 14 дүгээр Чуулган жил бүрийн 05 дугаар сард зохион байгуулагддаг уламжлалын дагуу 2024 оны 05 дугаар сарын 20-22 болон 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул оролцож, ахмад настны хүний эрхийн асуудлаарх Комиссын байр суурийг илэрхийлж байна.
Арга хэмжээний эхний хуралдаанаар Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг ролийг хэлэлцэж байна.
Чуулганд оролцож буй ХЭҮБ /Хүний эрхийн үндэсний байгууллага/-ууд насжилтын асуудал, ахмад настны хүний эрхийн асуудлаарх олон улсын эрх зүйн орчин, хийдэл, тэдгээрийн шийдлийн талаар Нээлттэй ажлын хэсгийн 13 дугаар чуулганаас гарсан шийдвэр болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэрэг дээр зохион байгуулж буй яриа, хэлэлцүүлгийг сайшааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Мөн уг мэдэгдлээр Засгийн газар хоорондын зөвшилцсөн зөвлөмжүүдийг 14 дүгээр Чуулганаар хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд хэлэлцүүлснээр насжилт, насаар ялгаварлан гадуурхалт, тэгш байдал ба үл ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үл хайхрал, бие даасан, хараат бус байдал, урт хугацааны хөнгөвчлөх эмчилгээ асаргаа, нийгмийн хамгаалал, боловсролд хамаарах хамгаалал байхгүй байх зэрэг хийдлийг илтгэсэн баримтуудыг хүлээн зөвшөөрч, улмаар ахмад настны хүний эрхийн асуудлаар НҮБ-ын шинэ конвенцын агуулгыг боловсруулах замыг нээнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэхүү хамтарсан мэдэгдлийг батламжилж, нэгдсэн Хүний эрхийн 31 үндэсний байгууллагын нэг нь юм.
Комиссын гишүүн Х.Мөнхзул Монгол Улс ахмад настны хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж, НҮБ-ын шинэ баримт бичиг гаргах талаарх Ерөнхий Ассамблейн аливаа шийдвэрийг дэмжихээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар, ХЭҮБ бүс нутагтаа манлайлж ажиллах болсныг цохон тэмдэглэсэн.
Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь ахмад настнуудын эрхийг хамгаалах талаар бүс нутгийн хүчин чармайлтад манлайлал үзүүлж, Ази, Номхон далайн бүс нутагт томоохон арга хэмжээг 2024 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр санаачилгад холбогдох бүх байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал насжилттай холбоотой дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний эрхийн өдөрт зориулсан хүндэтгэлийн чуулганы үеэр ахмад настны эрхийг хамгаалах олон улсын баримт бичиг боловсруулах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолыг дэмжихээ илэрхийлсэн.
Насаар ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хяналтыг сайжруулах, эрхээ хамгаалах талаар ахмад настнуудын чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэхэд энэхүү баримт бичгийг бий болгох нь нэн чухал юм. Ахмад настнуудын эрхийг үл тоомсорлож, орхигдуулахгүйн тулд энэхүү санаачилгыг дэмжихийг бүх оролцогч талуудад уриалж байна” гэлээ.
Нээлттэй ажлын хэсгийн 14 дүгээр чуулган 05 дугаар сарын 24-ний Баасан гарагт өндөрлөнө.