Гомдол
“Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны ажлын үр дүнг танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны ажлын үр дүнг танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024.03.14 827
Сонсох

ХЭҮК “Хууль судлал хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын чиг үүргийн хэрэгжилт, жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж, улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгах зорилгоор “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны ажлыг хийсэн.

Судалгааны ажлын үр дүнг танилцуулах, санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачдын төлөөллийг оролцуулан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Комиссын гишүүн Х.Мөнхзул нээж, “Хууль судлал хөгжлийн төв” НҮТББ-ын тэргүүн, хууль зүйн ухааны доктор В.Удвал, Нийгмийн ухааны доктор Н.Нямдорж нар судалгааны ажлын талаарх танилцуулга хийлээ.

Судалгааны ажлын хүрээнд гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, гэр бүлийн боловсрол олгож буй өнөөгийн байдал, анхаарах асуудал, төрийн байгууллагуудын чиг үүргийн хэрэгжилт, хөлсгүй хөдөлмөр-асрахуйн эдийн засаг, гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын талаарх мэдээлэл, нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав.

Судалгааны үр дүнд гэр бүлийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчин хангалтгүй, гэр бүлийн асуудал хариуцсан чиг үүргийн хэрэгжилт төрийн анхан шатны байгууллагад хүний нөөц дутагдалтай, салбар дундын уялдаа холбоо дутмаг, гэр бүлийн боловсрол олгож буй өнөөгийн байдал хүртээмжгүй, монгол гэр бүлийн харилцаанд нийгмийн тогтвортой биш байдал, цалин орлогын хомсдол, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалсан гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэл гардаг, гэр бүлийн шийдвэр гаргалт, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт харилцан адилгүй байгаа нь гэр бүлийн гишүүдийн болон хүүхдийн эрх зөрчигдөх, жендэриийн эрх тэгш байдал хангагдахгүй байх шалтгаан нөхцөл болж байна гэж үзжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын чиг үүргийн зураглалыг оновчтой болгох, гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх үнэлгээг хийх, энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудтай харьцуулалт, дүн шинжилгээг хийх зэргээр судалгааны ажлыг сайжруулах зөвлөгөө өгч, судалгааны үр дүнд гарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар арга зүй, арга хэмжээнүүдийг олон улсын туршлагад үндэслэн тодорхой болгохыг санал болголоо.  

Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, саналыг үндэслэн судалгааны ажлыг сайжруулж, УИХ-д хүргүүлэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал” бүлэгт тусгана.