Гомдол
ХЭҮК ахмад настны эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг, чиглэл өглөө

ХЭҮК ахмад настны эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг, чиглэл өглөө

2024.03.01 451
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Д.Ариунбилэг, Дорноговь аймаг дахь референт Т.Мөнгөнчулуун, Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар нарын бүрэлдэхүүн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг дараах байгууллагуудад хяналт шалгалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

  1. Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хяналт шалгалт хийж, тус газрын харьяа хүүхэд хамгаалах байрны орчин нөхцөлтэй танилцан үйл ажиллагааг нь сайжруулах талаар зөвлөн, тусалж ажиллалаа.
  2. Тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа Ахмад настны асрамжийн төвд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус асрамжийн төв нь Батсүмбэр дэх асрамжийн төвөөс тусгаарлаж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 15 ахмад настан амьдарч байна. Асрамжийн төвийн байр 1942 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул шинээр барилгын ажил эхлүүлсэн хэдий ч бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа талаар ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад хамрагдсан иргэд ярилцлагадаа дурдсан юм.
  3. Ажлын хэсэг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сайншанд сумын 8 багийн ахмадын төлөөлөлтэй “Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг” зохион байгуулж, тэдний санал бодол, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, төр засгийн бодлого шийдвэрт тусгах шаардлагатай асуудлыг тодорхойллоо.
  4. Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай ахмад настны эрх хамгаалал, гэр бүлийн хүрээн дэх жендэрийн зарим асуудал, хүүхдийн эрхийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар холбогдох мэдээллийг өгч ажиллалаа. Хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд болон багийн Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч нарын гаргасан санал, зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сайншанд сумын удирдлага, багийн Засаг дарга нартай санал солилцож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Комисс зөвлөв.

Хяналт шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдал болон хэлэлцүүлгийн явцад гарсан асуудлыг аймгийн орлогч дарга Г.Март, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул болон холбогдох албан тушаалтнуудад урьдчилан байдлаар танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал;

  • Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үндсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах. Энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, хяналт тавих.
  • Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах. Кириминологийн судалгааг яаралтай холбогдох байгууллагаар хийлгэх
  • Орон нутгийн хэмжээнд сэтгэл зүйчээр ажиллах хүний нөөц бүрдүүлэх, бодлогоор дэмжих.
  • Шинээр баригдаж буй ахмад настны асрамжийн газрын барилгын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчилж, асрамжийн газар дахь ахмадуудын амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах.
  • Нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлгүүдэд /хүүхэд, ахмад настан гэх мэт/ чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах, хяналт тавих, үр дүнг тооцон ажиллах.
  • Асрамж, халамжид орох шаардлагатай нэр бүхий 3 ахмадын нөхцөл байдлын үнэлгээг яаралтай хийж, холбогдох арга хэмжээг нэн даруй авах.
  •  Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиглах машин техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх.

Комисс хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, шалгалтын урьдчилсан дүнд үндэслэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллахаар төлөвлөж байна.