Гомдол
Иргэний нийгмийн орон зайг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр санал солилцлоо

Иргэний нийгмийн орон зайг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр санал солилцлоо

2024.01.30 396
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Фиона Блайт, ИБУИНХУ-ын Гадаад хамтын нөхөрлөл, хөгжлийн албаны багийн ахлагч Адам Пикеринг, зөвлөх Эшли Дуган, Элчин сайдын яамны ажилтан Э.Солонго нарыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улс нь Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улс орон дахь иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийг судлах, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Ноён Адам Пикеринг, хатагтай Эшли Дуган нар Монгол Улсад долоо хоногийн хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирээд буй.

Уулзалтаар иргэний болон улстөрийн эрхийн хэрэгжилт, иргэний нийгмийн орон зайг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харилцан мэдээлэл хуваалцлаа.

Иргэний нийгмийн орон зай нь ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг биежүүлэгч тулгуур хүчин зүйл бөгөөд иргэд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, төр тунгалаг, нийгэм бүтээлч байхын үндэс болдог. Нийгмийн байгуулалтаа иргэний нийгэмд тулгуурлан хөгжүүлэх эрхэм зорилгыг Монгол Улс Үндсэн хуулиараа тунхаглаж, энэ үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэл хийсэн нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг 1997 онд баталсан явдал юм гэдгийг уулзалтын эхэнд Комисс цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтыг тусгаж, УИХ-д өргөн барьж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн тухайг мөн тодотгосон юм.

Төрийн бус байгууллагын тухай хууль нь ТББ-ын орон зай, оролцоог төрөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлжүүлж, иргэний эрх зүйн харилцаанд байгууллагын хувиар оролцох зохицуулалтыг бий болгосон. Гэсэн хэдий ч төрийн бус байгууллагын тогтвортой, үр нөлөөтэй хөгжлийг дэмжих, ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг оновчтой зохицуулах шаардлага байсаар байна. Төрийн бус байгууллагын бүртгэл, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Засгийн газраас боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх, олон нийтийн байгууллага байгуулах эрх чөлөөг дэмжих байдлаар өөрчилж, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хараат бус, олон нийтэд нээлттэй, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болговол зохих ёстойг 22 дахь илтгэлд дүгнэсэн.

Ноён Адам Пикеринг, хатагтай Эшли Дуган нар Монгол Улс ардчилсан нийгмийг цоглооход ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсад иргэний нийгмийн байгууллагууд нь бүртгэлд хамрагдах замаар татвар болон нийгмийн даатгалын хөнгөлөлтөд эдэлдэг. Энэ нь төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулахын зэрэгцээ

иргэний болон улстөрийн эрхийн хэрэгжилт дээшлэх сайн жишиг болж байгааг дурдсан юм.

ХЭҮК-ын зүгээс эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг 2026 он хүртэлх стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Монгол Улсын хөгжлийн үр шимээс жигд, хүртэж чадахгүй хоцрох эрсдэл бүхий зорилтот 10 бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг уулзалтын үеэр Комисс цохон тэмдэглэлээ.