УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Энэхүү тогтоолд гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хянан шалгах, нотлох, шүүх, шүүн таслах бүх шатанд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хүний эрхийг хангаж ажиллахыг үндсэн зарчим болгон дараах онцлог зохицуулалтыг тусгаж, Засгийн газарт хүргүүллээ.
- Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах
- Хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
- Хавтаст хэргийг цахимжуулах, цахим хэрэгтэй нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох.
- Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах
- Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах
- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгүй болгох
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах
- Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах
- Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах
- Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах эрх зүйн үндэс бүрдлээ.