Гомдол
Флиндерсийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих нь” симпозиум боллоо

Флиндерсийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих нь” симпозиум боллоо

2024.01.12 502
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Флиндерсийн их сургуультай хамтран Австралийн Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилтийн дэмжлэгээр “Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан.

Тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комисс болон УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын 15 алба хаагч хамрагдаж, Австрали Улсын Аделайд, Канберра, Сидней хотуудад ажилласан юм.

Хүний эрхийн орчин үеийн асуудлууд, түүний дотор дижитал технологийн эрин үед тулгамдсан хүний эрхийн асуудлыг Австрали Улс хэрхэн зохицуулж, даван туулж байгаа туршлагыг танин мэдэх, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилготой энэхүү сургалтын хөтөлбөрийг Флиндерсийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Маккуари их сургуулиудыг түшиглэн хэрэгжүүлж, тус улсын тэргүүлэх эрдэмтэд, хүний эрхийн зүтгэлтнүүд сургалтын үйл ажиллагааг хөтлөн явуулсан нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлсэн билээ.

Дээрх сургалтын үр дүнг дүгнэх, сургалтаас олж авсан мэдлэгийг практикт хэрхэн нэвтрүүлж, ашиглаж байгааг хэлэлцэх цаашлаад цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжлийг хөхиүлэн дэмжих үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх талаар харилцан санал солилцох зорилгоор “Цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих нь” симпиозумыг ХЭҮК, Австрали Улсын Флиндэрсийн их сургууль, Австралийн Холбооны Улсын Гадаад харилцаа, худалдааны департмент хамтран 2024 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалт, туршлага судлах хөтөлбөрийг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяа болон хамтран хэрэгжүүлсэн Флиндерсийн их сургуулийн ахлах багш, доктор Санжуан Гуо болон бусад эрдэмтэн, судлаачдад талархал илэрийлсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тус симпозиумд Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Кэйти Эйнсли Смит, Флиндэрсийн Их сургуулийн Бизнес, Засгийн газар, хуулийн коллежийн ахлах судлаач, доктор, Санжуан Гуо, Австрали Улсын Флиндерсийн их сургуулийн Боловсрол хариуцсан гүйцэтгэх захирал Тамми Жоачин болон ХЭҮК-ын нийт албан хаагчид, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улс, иргэний нийгмийн байгууллагын эрдэмтэн судлаачид, экспертүүд оролцож 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон юм.

Тухайлбал,

·        Монгол Улсад цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой тулгамдаж буй зарим асуудал”

·        “Цахим эринд хүүхдийн эрхийг хамгаалах нь”

·        “Монгол Улсын цахим засаглал, цахим шилжилтийн үйл явц”

·        “Цахим орчин дахь хүний хувийн мэдээллийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд

холбогдох албан хүмүүс илтгэл тавьж, “Хүний эрх ба технологи”, “Цахим эринд хүүхдийн эрхийг хамгаалах нь”, “Хүний эрх ба цахим засаглал”, “Цахим орчин дахь хүний хувийн мэдээллийг хамгаалах нь” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид санал солилцсон нь тус симпозиумын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн юм.

Мөн Австралийн Холбооны Улсад “Цахим технологийн эриний хүний эрхийн асуудлууд” сургалтад хамрагдсан оролцогчид өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, ойлголт болон тус улсын сайн туршлагын талаар танилцуулж, санал солилцсон нь оролцогчдын анхаарлыг татсан.

ХЭҮК-оос 2024 онд үндэсний хэмжээнд цахим орчин дахь хүний эрхийн асуудлаар “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалт хийж, хүний эрхийн хэрэгжилтийг судалж дүн шинжилгээ хийхээр төлөвлөн өнгөрсөн 2023 оноос бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

Дээрх арга хэмжээний үеэр тус хяналт шалгалтын зорилго, ач холбогдлыг танилцуулж, холбогдох албаны хүмүүст хамтран ажиллах саналаа илэрхийллээ.