Гомдол
"Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц боллоо

"Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц боллоо

2023.12.20 567
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал илтгэл, хэлэлцүүлэг арга хэмжээг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ хүрээнд “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийг ХЭҮК 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

“Монгол Улс дахь Хүний эрх-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд анхаарал хандуулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хүндэтгэлийн лекцэнд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра урилгаар оролцож, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хүний эрхийн шалгуурыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд хүний эрхийн боловсролыг бүх нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих нь чухал гэдгийг онцолсон бол НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хүний эрхийг хамгаалах чиглэлээр ахиц, дэвшил гаргаж байгаа улс орны нэг нь Монгол Улс гэдгийг онцлоод ядуурал, боловсролын тэгш бус байдал, эрүүл мэндийн анхан шатны хүртээжтэй байдлыг дээшлүүлэхэд бүх нийтийн оролцоо, идэвх зүтгэл хэрэгтэйг цохон тэмдэглэсэн юм.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх зарчим (Парисын зарчим) батлагдсаны 30 жил, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын алба байгуулагдсан 30 жилийн ойд зориулсан тус хүндэтгэлийн лекцэнд төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид, хуульч, өмгөөлөгч, хүний эрх хамгаалагч нар оролцсон юм.