Гомдол
“Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо

2023.12.19 509
Сонсох

АНУ-ын Төрийн департментийн мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа Дотоод Хэргийн Их Сургуульд 2023.12.19-ний өдөр зохион байгуулагдлаа.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, АНУ-ын ЭСЯ-ны Бүсийн аюулгүй байдал, хууль сахиулах асуудал хариуцсан Атташе Жоел Ортез, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, болон харьяа агентлагуудын удирдлагуудын болон Их сургуулийн багш, албан хаагчид, сонсогч суралцагчдын төлөөлөл оролцсон юм.

Төслийн оролцогч талууд болох ХЭҮК, ЦЕГ, ШШГЕГ, ДХИС-ийн төлөөлөл “Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ба ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрхийн зарим асуудлууд” танилцуулгыг хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020-2026 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлсэн “Хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилт”-ын хүрээнд уг төслийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр зөвлөх чиг үүрэгтэй оролцож байна.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэхэд ахиц дэвшил гарч байгааг онцлон төсөл хэрэгжсэнээр тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.  

Комисст 2022 онд нийт 925 гомдол, мэдээлэл ирүүлснээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл 67 буюу 7.2 хувь, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 685 гомдол, мэдээлэл ирүүлснээс 31 буюу 8.5 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл 2022 онд 124 буюу 13.4 хувь, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 189 буюу 27.6 хувийг тус тус эзэлж байна. Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Комиссын гишүүний 5 Шаардлагыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 16 Зөвлөмж, 7 Шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.  

Энэхүү төсөл нь хууль сахиулах ажиллагаанд даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам болон практик хэрэглээг хүний эрхийн хандлагын үүднээс боловсронгуй болгох, түүнчлэн хууль сахиулах алба хаагчдыг бэлтгэдэг үндсэн институт болох ДХИС-иас олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн хууль сахиулах боловсрол олгох чадавхыг дэмжих замаар хууль сахиулах салбарт хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд хууль сахиулагчдыг бэлтгэдэг бакалаврын хөтөлбөрийн агуулга арга зүйд үнэлгээ хийн сайжруулах замаар суралцагчдын хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, жендерийн тэгш байдлын талаар мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах чиглэлээр ажиллана.

Тухайлбал, хууль сахиулах алба хаагчдыг сурган бэлтгэж буй одоогийн тогтолцооны зураглал хийж гарсан үр дүн болон дэвшүүлж буй өөрчлөлтийн талаар талуудын хэлэлцүүлэг хийж, хүний эрх, хууль сахиулах ажиллагааны талаар олон улсын болон үндэсний түвшинд гарсан эх сурвалж, материал, судалгааны тайлан зэргийг судлах юм.

Төсөл хэрэгжснээр ДХИС-ийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн хандлагаар үнэлэх аргачлал боловсруулан, бакалаврын сургалтын хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн талаар хэрхэн туссан талаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж, үр дүнд нь Их сургуулийн бусад хичээлийн хөтөлбөрт олон улсын сайн жишиг, практикийн дагуу хүний эрхийн асуудлыг нэгтгэн тусгах арга зүй, аргачлал боловсруулна.

Мөн хүний эрх, жендерийн тэгш байдлын хандлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглагдах шаардлагатай сургалтын орчин бүрдүүлэн, багш нарыг сургах, англи хэлний боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

Дотоод хэргийн их сургуулиас төслийн хүрээнд хийгдэх ажлыг гүйцэтгэх хоёр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХЭҮК болон агентлаг байгууллагуудтай зөвшилцөн Их сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулж байна.

Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төсөл 2023 оны наймдугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд хэрэгжих ажээ.