Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэгтэй хүүхдийн эрхийн хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид хамтран ажиллах асуудлаар 2023 оны 11 дүгээр сарын 8-нд уулзаж, ярилцлаа.
Комисс нь хүүхдийн эрх хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажилладаг бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьснаас 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг тусгаж, холбогдох арга хэмжээний санал, зөвлөмжийг тусгасан байдаг.
2023 оны хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулсан бол НҮБ-ын Хүүхдийн сангийн шалгуур үзүүлэлттэй уялдуулан Хүний эрхийн индексийг боловсруулж байгааг, улмаар бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг судалж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байгааг ХЭҮК-ын дарга Ж.Хунан цохон тэмдэглэв.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах, зам тээврийн ослоос хүүхдийн амь нас, эрүүл мэдндийг хамгаалах, бүх нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэл, үр хөндөлт зэрэг тулгамдаж асуудалд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа тэлж, шинэ сорилтуудыг хамт даван туулах шийдэл, гарц эрэлхийлэхэд хамтран ажиллах санал илэрхийллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан дэлхий дахинд хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдэж буй хэцүү нөхцөлд хамтран ажиллах санал тавьсанд талархал илэрхийлж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн хяналтын индекс бий болгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах, хагас, бүтэн өнчин болон үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн эрхийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт сайжруулах хүрээнд хүүхэд хамгааллын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагын хүний нөөц, төсөв санхүүг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн дээд эрх, ашгийг хамгаалах чиглэлд Комиссоос авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлыг сайшаагаад хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж, дэмжиж ажилана гэлээ.