Хүний эрхийн үндэсний байгууллагуудын 14 дэх удаагийн олон улсын хурал “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх үйлдэлтэй тэмцэхэд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Дани улсын нийслэл Копенхаген хотод 2023 оны 11 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дэлхийн Хүний эрхийн байгууллагуудын холбоо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Дани Улсын Хүний эрхийн хүрээлэн хамтран зохион байгуулсан тус хуралд дэлхийн 100 гаруй улс орны Хүний эрхийн үндэсний байгууллага, холбоод оролцсон юм.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн Я.Цэлмэн нар оролцож, Комиссын байр суурийг илэрхийллээ.
Тухайлбал, Комиссын гишүүн Б.Энхболд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, хүрсэн сайн үр дүнгийн талаарх Монгол Улсын туршлагыг илэрхийлсэн бол, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Хурал
- XXI зуун дахь хүний эрхийн олон улсын эрх зүй: Эрүү шүүлттэй тэмцэхэд Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх суурь зарчим
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм ба Хүний эрхийн үндэсний байгууллагын хамтын ажиллагаа: Сайн туршлага, үр нөлөөг дээшлүүлэх арга зам
- Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас эрсдэлт болон зорилтот бүлгийн хүмүүсийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх практик: Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийг хамгаалах хяналт, шинжилгээ, шалгах ажиллагаа болон баримтжуулалт хийх арга зүй
- Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас хамгаалах практик, туршлага: Гомдол гаргах, мэдээлэл шалгах ажиллагаа болон түүнд бэлтгэх зарчим
- Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас хамгаалуулах эрхийг баталгаажуулах, гомдол гаргах: Өмгөөллийн үйл ажиллагаа, бүх нийтийн боловсролыг дэмжих болон Засгийн газарт тайлан хүргүүлэх
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны хамтын ажиллагаа: Оролцоо, стратеги гэсэн 11 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдлаа.
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын 14 дэх удаагийн олон улсын хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Дани Улсын “Хүний эрхийн хүрээлэн”-тэй хүний эрхийн боловсролыг дэмжих, хүний эрхийн хамгаалагчийг үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хуралдааны төгсгөлд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхийг гишүүн улсуудын Засгийн газарт уриалсан юм.