Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажуулсан хүний эрх тус бүрийн хэрэгжилтийг хэмжих “Хүний эрхийн Үндэсний индекс” боловсруулах ажлыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн хороо санаачилж, өнгөрсөн 2022 оноос хамтран гүйцэтгэж байна.
“Хүний эрхийн Үндэсний индекс” нь хүний эрхийн төлөв байдал, хэрэгжилтийг олон нийтийн оролцоотойгоор үнэлэх, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд гарч буй ахиц, дэвшил болоод асуудал, бэрхшээлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийг илүү оновчтой болгоход чухал хэрэгсэл болох юм.
Индекс боловсруулах аргалчлалыг Үндэсний статистикийн хорооноос ХЭҮК-ын дарга Ж.Хунанд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо.
Тус индексийг нийт 20 эрхийн хүрээнд захиргааны статистик мэдээлэл болон шинжээч, иргэдийн судалгаанд үндэслэн боловсруулна.
Уулзалтаар индексийн асуумжийг 2023 оны 11 дүгээр сард боловсруулж, холбогдох байгууллага, шинжээчдийн саналыг авч 12 дугаар сард туршихаар тохирлоо.
“Хүний эрхийн Үндэсний индекс”-ийг ирэх 2024 онд улсын хэмжээнд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.