ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн, ХММСБ-ын үндэсний оролцогч талууд хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын V форум” 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Тус форумд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим иргэншил ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндсэн илтгэл танилцуулж, Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо “ХММСБ ба Жендэрийн эрх тэгш байдал” салбар хуралдааныг чиглүүлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийг төлөөлж мэргэжилтэн Б.Болор оролцлоо.

Комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим иргэншил ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндсэн илтгэлдээ технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл, мэдээллийн ардчилсан, чөлөөт орон зайг тэлэх, төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгох, цахим сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэсэн олон давуу тал олгодог болохыг КОВИД-19 цар тахлын үеэр дэлхий даяар мэдэрснийг онцлоод цахим орчинд мэдээ, мэдээлэл шуурхай тархахын хэрээр худал, ташаа мэдээлэл хурдацтай түгэх, нийгмийн өрөөсгөл үзэл, хандлагыг дэвэргэх, үзэн ядалт, талцал, хүчирхийллийг өдөөх, нийгмийн бүлгүүд үл ойлголцох, зөрчилдөөнд хүргэх, цахим технологийн хөгжлөөс хүн бүр, улс орон бүр тэгш хүртэж чадахгүй байгаа нь хүний эрхийн асуудал, зөрчил, бэрхшээл дагуулж байгааг анхааруулав.
Түүнчлэн цахим орчны эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулахад цахим иргэншил, хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг тодотгосон юм.
Мөн ХЭҮК-оос ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн сурах бичгийн агуулагад хүний эрх, жендэр талаас хийсэн дүн шинжилгээгээр цахим хэрэглээний зохистой байдал, хэрхэн аюулгүй байдлаа хангаж, бусадтай ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцах талаарх мэдлэгийг сурагчдад хангалттай түвшинд олгохгүй байгаагаас үзвэл, дээрх сурах бичгийн үзэл баримтлал нь эргэцүүлэлт сэтгэлгээг хөгжүүлэх биш, зааварлах агуулга давамгайлсан байна. Тиймээс “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн сурах бичгийг шинэчилж, сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагатайг илтгэлийн үеэр онцоллоо.



