Гомдол
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскаг Комиссын дарга Ж.Хунан хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскаг Комиссын дарга Ж.Хунан хүлээн авч уулзлаа

2023.10.19 593
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Матильда Димовскаг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Хунан шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Матильда Димовскад баяр хүргээд ХЭҮК-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, хүний эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын ахиц дэвшил, урт, богино хугацаанд хийх ажлын талаар танилцуулав.

Түүнчлэн  Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай Комиссын санаачилгыг Засгийн газар, Хүний эрхийн Дээд Комиссарын газар дэмжихээ илэрхийлснийг цохон тэмдэглэж, уг асуудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгийг хүсэж буйгаа Комиссын дарга Ж.Хунан уламжиллаа.

Хатагтай Матильда Димовска Комисстой хамтран хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг цаашид илүү үр дүнтэй, өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж  ажиллана гээд Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах асуудалд хүлээлт өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжил, иргэд, малчдын амьжиргааны түвшин, байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг бий болгоход голлон анхаарч ажилладаг бөгөөд энэ хүрээнд агаар, хүрээлэн буй орчны бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдал, нөхцөл байдлын талаарх судалгааны дүн шинжилгээг танилцуулахаар төлөвлөж буйгаа уулзалтын үеэр дурдлаа.  

Мөн жендэрийн эрх тэгш байдал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас доогуур байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, цаашид энэ чиглэлээр Комисстой хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Уулзалтаар дээрх асуудлаас гадна хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрх хамгаалагч, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг чадавхжуулах хэрэгцээ шаардлага, ядуурлыг бууруулах, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.